Хөгжмийн зохиолч, морин хуурч, МУСТА Б.Тэгшжаргал анхны бие даасан цомгоо гаргав

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-09-21 14:07:51

Сүхбаатар /МОНЦАМАЭ/. Жаахан шарга театрын морин хуурч, хөгжмийн зохиолч, МУСТА Б.Тэгшжаргал анхны бие даасан “Амьдрал” нэртэй уран бүтээлийн цомгоо өлгийдөн авлаа. Тэрээр энэ сарын 19-ний  өдөр шинэхэн цомгийнхоо нээлтийг хийсэн бөгөөд Жаахан шарга театрын удирдлага, уран бүтээлчид, аймгийн БСУГ-ын төлөөлөл болон зарим зочид төлөөлөгчид оролцов.

Түүний хамгийн анхны дууны уран бүтээл нь Шүүдэрцэцэг. Тэрээр энэхүү уран бүтээлийнхээ аялгууг эхэлж зохион, дараа нь яруу найрагч Б.Батсайханд захиалж дууныхаа үгийг бичүүлж байжээ. Үүнээс хойш нутгийн болон бусад олон яруу найрагчтай хамтран дуу хийжээ. "Амьдрал" цомог нь нутаг ус, аав ээж, хайр сэтгэл, бага насны тухай зэрэг арван дуунаас бүрдэх бөгөөд Жаахан шарга театраас гадна Дорнод аймаг, Улаанбаатар хотын уран бүтээлчид дуунуудыг нь олны сонорт хүргэжээ.


Уран бүтээлч хүнд цомгоо гаргана гэдэг шинэ хүүхэд өлгийдөн авахтай адил гэдэг. Яг ийм баяртай бөгөөд нандин мэдрэмжийг авч байна. Энэ бол миний олон жилийн мөрөөдөл бас хөдөлмөр. Анхны цомгоо гаргахад гүн туслалцаа үзүүлсэн Жаахан шарга театрын хамт олон, гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа. Ялангуяа уран бүтээлч болгоныхоо найдвартай ар тал болж чаддаг театрын удирдлагуудад дахин дахин талархал илэрхийлмээр байна. Мөн тэнгэрт байгаа аавдаа, үргэлж дэргэд минь байж цай сүүний дээжээ үр хүүхэд биднийхээ төлөө өргөж байдаг амьд бурхан ижийдээ мөргөе гэдгээ Б.Тэгшжаргал алтан тайзнаасаа хэлж байлаа. Харин, театрын зүгээс хийе бүтээе гэсэн уран бүтээлчдийнхээ хичээл зүтгэлийг үргэлж дэмжиж ажиллах болно гэдгээ Жаахан шарга театрын дарга Г.Баярцогт хэлж байсан юм.

Б.Тэгшжаргалын аав Ц.Буджав нь олондоо хүндлэгдсэн, авьяаслаг нэгэн байжээ. Сүхбаатар аймгийн ихэнх Соёлын ордныг хөл дээр нь босгож, тухайн үедээ анхны амьд хөгжмийн хамтлагийг аймагтаа байгуулж байсан зэрэг дурсамжийг нь энэ үеэр дурдаж байлаа. Тийм ч учраас авьяаслаг аавынхаа үргэлжлэл нь болж, сонсогчдын сэтгэлд нийцсэн олон сайхан уран бүтээл туурвиад зогсохгүй, бие даасан цомгоо гаргасанд баяр хүргэж бахархан, илүү их амжилтыг хүсэх хүн олон байлаа.

 

Холбоотой мэдээ