Чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-09-21 21:21:02

Өмнөговь /МОНЦАМЭ/ Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулж, улсын комисст хүлээлгэн өглөө.

Уг бүтээн байгуулалтын санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Таван Толгой” ХК, 15 хувийг “Таван-толгой” ХК, 25 хувийг “Энержи Ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи Ресурс” компани  ажилласан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт ажиллаж, Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”-ын ажлын явцтай танилцлаа. 

Тус боомтоор 2019 оны эхний наймдугаар сарын байдлаар 14.0 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын нөлөөгөөр БНХАУ-ын тал нүүрсний татан авалтаа бууруулжээ. Цагаан хад дахь гаалийн хяналтын 29 бүсэд 2021 оны эхний найман сарын байдлаар гурван уурхайн 8.6 сая тонн нүүрс хуримтлагдсан нь нүүрсний чанар муудах, байгаль орчин бохирдох, нүүрсний жингийн хорогдол үүсэх зэрэг хүндрэл гарч байсан. Иймд Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор нүүрсний экспорт бүхий хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминалыг хоёр сарын хугацаанд барьж ийнхүү дуусгалаа. 

Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой юм.

Холбоотой мэдээ