Суданд төрийн эргэлт хийхийг завдсан хүмүүсийг баривчилжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-09-22 11:00:14

ХАРТУМ. /Xinhua/. Суданд төрийн эргэлт хийхийг завдсан хошууч генерал Абдул-Баки Хасан Османыг баривчиллаа гэж тус улсын Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл мягмар гарагт мэдэгджээ.


Мөн цэргийн янз бүрийн цолтой 22 офицер, олон бага дарга, цэргийг баривчилсан байна.


Тус зөвлөл нь яаралтай хуралдаан зохион байгуулж, төрийн эргэлт хийх оролдлогыг таслан зогсоосны дараах аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Энэхүү хуралдааныг Суданы Бүрэн эрхт зөвлөлийн дарга Абдель Фаттах Аль-Бурхан даргалан явуулжээ.


“Засгийн эрхийг булаан авч, шилжилтийн үеийг ганхуулахын тулд төрийн эргэлт хийхийг завдсан болохыг эхний шатны мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон” гэж Суданы Батлан хамгаалахын сайд Ясин Ибрахим Ясин мэдэгдсэн байна.


Суданы эрх баригчид хуучин дэглэмийн үлдэгдлүүдийн төрийн эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоосноо өмнө нь мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Абдалла Хамдокийн мэдээлснээр, армийн доторх болон гаднах бүлгүүд төрийн эргэлт хийхийг завджээ.  

Холбоотой мэдээ