“Дэд бүтцийн төв”-ийг найман байршилд байгуулахаар төлөвлөжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-22 12:25:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор “Дэд бүтцийн төв”-ийн төслийг хэрэгжүүлэх 16 байршлыг баталснаар дэд бүтцийн төв байгуулах ажил үргэлжилж байна.


Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газраас хэрэгжүүлж буй “Дэд бүтцийн төв” буюу сервис центр байгуулах талаар НИТХ-ын дэргэдэх Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралд танилцууллаа. Засгийн газрын тогтоолоор “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлэх 50 байршлыг баталсан. Үүнийг БНХАУ-ын 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар барихаар шийджээ. 


Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү хэлэхдээ “Чингэлтэй дүүрэгт нэг бичил төвийг ашиглалтад оруулсан. Сүхбаатар, Налайх дүүрэгт барилга угсралтын ажил нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй хоёр төв бий. Нэг сервис центр байгуулахад 10 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүч, дулаан, цэвэр бохир ус, ариутгах татуурга зэрэг дэд бүтцийг шийдэхэд зарцуулж байна” хэмээв.


Хэрэгжих хугацааны хувьд харилцан адилгүй ч 2024 он гэхэд найман дэд бүтцийн төв барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Санхүүжилтийг графикийн дагуу баталж чадвал дээрх хугацаанд барьж дуусгахыг тэрбээр тодотголоо.

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хуралдаанаар мөн нийслэлийн 2021 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг хэлэлцсэнийг НИТХ-ын ХМОНХТ мэдээлэв. 

 

 

Холбоотой мэдээ