Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-22 13:18:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ынхантай “Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдвээр уулзаж ярилцлаа.


Уулзалтын эхэнд Б.Сүхбаатар “Цаашид энэ уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, норм стандарт, барилга хүлээж авах, ашиглалтын асуудлаар нэг бүрчлэн хэлэлцэнэ” гэдгийг дуулгав. Түүнчлэн төр, хувийн хэвшил нэгдээд барилгын салбарын зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн судалгааг тогтмол судлан, хамтран ажиллах шаардлагатайг онцлоод, барилгын салбар ашгаа бодоод хаа хамаагүй барилга барих биш хүн амын нягтшил, төвлөрлийг тооцож, судлах ёстой. Эс бөгөөс зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсэх, төвлөрөл нэмэгдэх”-ийг тэмдэглэсэн юм.


Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-аас цар тахлын үеийн нөхцөл байдалд хийсэн судалгаагаар 270 гаруй сөрөг хүчин зүйл салбарт нь тулгарсныг даван туулах боломж 75 хувьтай байгааг танилцуулав. Мөн иргэний оролцоотой төр хувийн хэвшлийн хэлцэл, түншлэлийг идэвхтэй өрнүүлэх, хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, дэд бүтэц, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.


Түүнчлэн, энэ үеэр Засаг даргын А/653 дугаар захирамжийн талаар ярилцав. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг түр зогсоосон. Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоосон хотын төвийн 2014.5 га газарт одоогоор 22.899 барилга, байгууламж бий. Тус хэсэгт барилга шинээр барих 2103 зөвшөөрөл авсан. Үүнд 138 сургууль, 95 цэцэрлэг, 55 эмнэлэг болоод бусад барилга, байгууламжийн зөвшөөрөл багтжээ.


Мөн, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн тухай хэлэлцээд, төслийн талаар барилгын салбарынхан тодорхой ойлголттой болох хэрэгтэйг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар дурдав.

Учир нь орлогод нийцсэн ногоон орон сууцыг хямд үнэтэй барилга гэсэн ташаа ойлголт салбарынхны дунд тарсан. Энэ нь өрхийн орлогод нийцүүлэн, чанар, стандартыг тогтоосон, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц юм. БНХАУ-д орлогод нийцсэн ногоон орон сууцны долоон төрөл бий. Харин манайд дан ганц ипотекийн зээлээр олгох төрөл л дэлгэрсэн тухай ярьж байв. Иймд орлогод нийцсэн орон сууцны стандартыг тогтоон, өрхийн орлогод нийцэх хэлбэрээр хэд хэдэн төрлийн төслийг санаачлах, ажлын хэсэг гаргах хэрэгтэйг ярилцлаа. 

Холбоотой мэдээ