Хөрс, нарны дулааныг хослуулсан систем суурилуулав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-22 13:32:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хангамжид 135 КВт-ын хөрсний дулааны насос, нарны дулааны коллектор хосолсон систем ашиглаж эхэллээ.


ЭХЯ-ны "Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд АХБ, Уур амьсгалын сангийн буцалтгүй тусламжийн 261,098 ам.долларын санхүүжилтээр тус цэцэрлэгийн дулаан хангамжийг хөрсний дулааны насос, нарны дулааны коллектор ашиглан шийдэх сонгон шалгаруулалтад “Нар энержи селикон метал” ХХК, “Броск” ХХК-ийн түншлэл шалгарчээ.


Барилгад 135 кВт хүчин чадал бүхий хөрсний дулааны насос, 10 кВт-ын нарны дулааны коллектортой хосолсон систем суурилууллаа. Зуун тавин хүүхэд хүлээн авах чадалтай тус цэцэрлэгийн дулааны ачааллаас хамааруулан 100 м гүнтэй 26 ширхэг цооногийг өрөмдөж, ОХУ-ын “БРОСК-1000”, “БРОСК-500” маркийн дулааны насос суурилуулсан байна. Энэ систем ашиглалтад орсноор 600-700 МВтц/жил дулааны хэрэглээг хангах юм. Жилд 280 тн нүүрсний хэрэглээ, 392 тн СО2 ялгарлыг багасгах, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй жишиг төсөл болсныг ЭХЯ мэдээлэв.


Хосолсон системийг алслагдсан бүс нутагт Монголд анх удаа туршиж байгаа бөгөөд зөвхөн дулаан хангамжаас гадна хэрэглээний халуун усны хангамжийг шийдэж байгаа нь дэд бүтцэд холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн хүүхдийн ая тухтай эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл бүрдүүлэх аж.

 

Холбоотой мэдээ