2020 онд хамгийн их орлого олсон Оросын тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-09-22 15:23:39

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн онд хамгийн их орлого олсон Оросын тэрбумтнуудын жагсаалтыг “Forbes” сэтгүүлээс тав дахь удаагаа гаргалаа.


Уг жагсаалтыг «Северсталь» компанийн ерөнхий захирал Алексей Мордашов тэргүүлсэн байна. “Forbes” сэтгүүлд мэдээлснээр, өнгөрсөн онд Мордашов болон түүний гэр бүлийн орлого 25 орчим хувиар өсөж, 1.7 тэрбум ам.доллар болжээ. 


“Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр” группийн гол хувьцаа эзэмшигч, захирлуудын зөвлөлийн дарга Владимир Лисин жагсаалтын хоёрдугаарт орсон бол гуравдугаарт, “USM Holdings”-ийн тэргүүн Алишер Усманов бичигджээ. Владимир Лисин өнгөрсөн онд 1.48 тэрбум ам.долларын орлого олсон бол Алишер Усмановынх 1.43 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.


Жагсаалтын дөрөв, тавдугаарт, "Лукойл" компанийн тэргүүн Вагит Алекперов (1.14 тэрбум ам.доллар), сенатч Сулейман Керимов болон түүний гэр бүл (922 сая ам.доллар) бичигджээ.


2020 онд хамгийн их орлого олсон тэрбумтнуудын жагсаалтад мөн уул уурхай, металлургийн "Норникель" компанийн тэргүүн, ашиг хүртэгч Владимир Потанин (897 сая ам.доллар), Андрей Скоч болон түүний гэр бүл (875 сая ам.доллар),  Виктор Рашников (828 сая ам.доллар), Геннадий Тимченко (788 сая ам.доллар), Роман Абрамович (645 сая ам.доллар) нар багтсан байна. 


Уг жагсаалтыг гаргахдаа ногдол ашиг хэлбэрээр эсвэл үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаас олсон орлогод үндэслэжээ.

Холбоотой мэдээ