БНХАУ хилийн чанадад нүүрсээр галладаг эрчим хүчний төсөл шинээр хэрэгжүүлэхээ зогсооно

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-09-22 15:31:20

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ хөгжиж буй орнуудад ногоон, нүүрсхүчлийн хийн ялгарал бага эрчим хүчний хэрэглээг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хилийн чанадад нүүрсээр галладаг эрчим хүчний төсөл шинээр хэрэгжүүлэхээ зогсооно гэж тус улсын дарга Ши Жиньпин мэдэгдлээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд цахимаар үг хэлэхдээ тэрбээр энэхүү мэдэгдлийг хийжээ.


БНХАУ-ын дарга дэлхийн байгаль орчны засаглалыг сайжруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд идэвхийлэн ажиллаж, хүн төрөлхтөн, байгаль дэлхийн төлөөх нийгмийг цогцлоохын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна. 


Мөн ногоон, нүүрсхүчлийн хий ялгарал багатай эдийн засаг руу шилжих үйл явцыг түргэтгэж, ногоон хөгжилд хүрэхийн чухалыг тодотгов.


“БНХАУ 2030 оноос өмнө нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлаа дээд үзүүлэлтэд хүргэж, 2060 он гэхэд ийм хийн ялгарлыг тэглэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана. Үүнд асар их хүчин чармайлт шаардагдах нь тодорхой бөгөөд бид дэвшүүлсэн зорилтдоо хүрэхийн төлөө бүх хүчээ дайчлах болно” гэж тэрбээр мэдэгджээ. 

Холбоотой мэдээ