“Mongolia mining 2021” үзэсгэлэнг нээлээ

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2021-09-22 17:52:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс баялгийн орлогоор эдийн засгийн хөгжлийг дэмжинэ уриан дор “Mongolia mining 2021” үзэсгэлэнг нээлээ.


УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, цар тахлын амаргүй цаг үед “Mongolia mining 2021” үзэсгэлэн зохион байгуулж буйг онцлоод, үзэсгэлэнгийн үр дүнд салбарын хөгжлийг хурдасгах дэвшилтэт техник, технологи, ноу-хау нэвтэрч, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Тэрбээр, төрөөс уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого сэдвээр илтгэл тавьж, Засгийн газрын 2020-2024оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хэрэгжилтийн талаар мэдээлсэн юм. 


Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваа ярихдаа, “Цар тахлын хүнд цаг үеийг давахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгаас чухал. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа уул уурхайн салбарын олон компани эдийн засгийн сорилт, бэрхшээлтэй нүүр туллаа. Үүнийг даван туулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах учиртай. Үүнд, тогтвортой бодлого, нээлттэй, ил тод хууль эрх зүйн орчинг бүрдүүлэн зарчимтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээжээ. 


Түүнчлэн уул уурхайн салбарт тээвэр, ложистик чухлыг дурдаад, Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд монголын гурван том компани хамтран чингэлэг тээврийн терминал байгуулсан нь бодлогоо тодорхойлж чадвал төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнтэй болдгийн жишээ гэдгийг Д.Хаянхярваа онцлов.



Арав дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнд салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэгч дэлхийд нэр хүнд бүхий томоохон гигант, Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани, Монгол дахь гадаадын ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газрууд зэрэг салбарын төлөөлөл оролцож байна.


Үзэсгэлэнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, шинэ бүтээгдэхүүний танилцуулан, мэдээлэл өгч байгаа бөгөөд үзэсгэлэн энэ сарын 24 хүртэл "Буянт-Ухаа" спорт цогцолборт үргэлжилнэ. 

 

 

Холбоотой мэдээ