Хураасан хүнсний ногоо 14.3 хувиар нэмэгдлээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-09-23 07:50:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ургац хураалтын явцын мэдээгээр, энэ оны есдүгээр сарын нэгний байдлаар улсын хэмжээнд 69.2 мянган тн хадлан хадаж, 14.4 мянган тн хүнсний ногоо, 6.8 мянган тн төмс хурааж, 243 тн гар тэжээл бэлтгэжээ.


Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүнсний ногоо 14.3 хувь буюу 1.8 мянган тонноор, гар тэжээл 29.1 хувь буюу 54.8 тонноор нэмэгдсэн бол, бэлтгэсэн хадлан 7.1 хувь буюу 5.3 мянган тонноор, хураасан төмс 15.6 хувь буюу 1.2 мянган тонноор багассан буурсан байна.


Бэлтгэсэн хадлан буурахад өнгөрсөн сард хур тунадасны нийлбэр 2268.5 мм-т хүрч олон жилийн дунджаас 33.9 хувиар илүү байсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Хураасан төмс өмнөх оны мөн үеийнхээс Дундговь, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Булган, Орхон, Сүхбаатар, Завхан, Сэлэнгэ, Төв аймагт 2.2-1.7 мянган тонноор буюу 5.7- 95.3 хувиар багасаж, нийслэл болон бусад аймагт 0.5-987.8 тн буюу 0.4 хувиас 19.5 дахин өссөн байв.


Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеийнхээс Төв, Архангай, Говьсүмбэр, Орхон, Сүхбаатар, Завхан, Булган, Өмнөговь, Сэлэнгэ аймагт 4.5-977.1 тн буюу 0.8-91.5 хувиар багасаж, харин Улаанбаатар хот, бусад аймагт 1.4-1.7 мянган тонноор буюу 2.7 хувиас 32.5 дахин өсжээ.

Холбоотой мэдээ