Мэргэжлийн спортын тэмцээнийг “Хариуцлагын гэрээ” байгуулж зохион байгуулахыг зөвшөөрнө

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-24 13:34:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Спорт гэдэг бол бие хүн болж төлөвшихөд маш чухал нөлөөтэй. Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс залуусын спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх ёстой" хэмээн онцлов.


Тэрбээр "Хотын даргын хувьд спортын үйл ажиллагааг, нийтийн биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж ажиллана. Гэхдээ цар тахал амаргүй байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмийг нэн тэргүүнд, сайтар баримталж, зохион байгуулалтад анхаарч ажиллах нь чухал. “Хариуцлагын гэрээ” бол аж ахуйн нэгжээ дэмжих, нэг ёсондоо итгэлцлийн гэрээ юм” хэмээн ярилаа.



Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсох, тамирчид тэмцээндээ оролцож чадахгүй гэх мэтийн ард дандаа ур чадвар байхгүй болж байдаг. Үүнээс үүдэх хохирлын хэмжээ маш өндөр гэдгийг онцолсон юм.


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас спортын мэргэжлийн холбоодыг эхний ээлжид ямар тэмцээн, хэзээ зохион байгуулах мэдээллээ гаргаж өгөхийг хүслээ. Мөн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатайг хэлж байв. Түүнчлэн “Хариуцлагын гэрээ”-г үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гэж ойлгоод, аваад хаядаг байж болохгүй, мөрдөх хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас аль болох л зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгааг онцлов.


Харин спорт холбоодын төлөөлөл Хотын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, “Цар тахалтай зөвхөн УОК, НОК тэмцэх биш, бид өөрсдөө ч мөн тэмцэх шаардлагатай. Ингэхдээ бид халдвартай хэрхэн хариуцлагатай тэмцэх вэ гэдэг жишгийг бий болгох хэрэгтэй” хэмээн хэлж байлаа. Мөн маш хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтална гэдгээ илэрхийллээ хэмээн НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ