Ж.Батбаясгалан: МОНЦАМЭ бол Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх гүүр болсон

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-09-24 13:53:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд зориулан Монголын Үндэсний музейд нээсэн “МОНЦАМЭ-100” үзэсгэлэн гурав дахь өдрөө олны хүртээл болж байна. Уг үзэсгэлэнг өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үзэж сонирхлоо.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, “МОНЦАМЭ агентлаг бол Монгол Улсын хөгжлийн түүх, бичиг үсгийг хадгалж үлдсэн өв соёлын том төв юм. МОНЦАМЭ агентлагаар дамжаагүй сэтгүүлч цөөхөн. Энэ байгууллагад ажиллах хүсэлтэй олон зохиолч байдгийн нэг төлөөлөл нь би. Тиймдээ ч өнөөдөр энэхүү үзэсгэлэнг зорьж ирэн, өнгөрсөн 100 жилийн түүхийн том баримтуудыг үзэж, сонирхож байна” гэлээ.


Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “МОНЦАМЭ агентлаг бол зөвхөн нэг байгууллага бус Монголын түүх. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд маш том гүүр болж байсан байгууллага. Одоо ч гэсэн гүүр болж байгаа. Монгол Улс ямар чиг баримжаатай хөгжиж байгаа, улс орнууд, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдтэй хэрхэн нээлттэй хамтран ажиллаж байгааг олон хэлээр түгээн дэлгэрүүлдэг чухал байгууллага. Мөн дэлхий нийт аль чиг хандлага руу явж байгааг Монгол түмэндээ хүргэдэг. Мөн сэтгүүлч, утга зохиолын олон боловсон хүчин, эрдэмтдийг төрүүлсэн байгууллага. Бид 100 жилийн ойг баяр гэж хүлээж авахаас илүү өнгөрсөн хугацааны алдаа оноо, ололт амжилтыг дүгнэх цаг үе гэж ойлгож байгаа.


Өнөөдөр хүн бүр мэдээлэл дамжуулах боломжтой болсон. Гэхдээ үнэн бодит, эх сурвалж нь тодорхой мэдээлэл хамгийн үнэ цэнтэй гэдгийг хүн бүр ухамсарлах ёстой. Тиймээс Монгол Улсад болж байгаа үйл явдлыг дэлхий нийтэд хүргэдэг МОНЦАМЭ агентлагийг олон улс хүлээн зөвшөөрсөн.


Тиймээс энэ байгууллагыг хөгжүүлэхэд нийслэлийн удирдлагууд, иргэд хамтран ажиллах ёстой юм” гэлээ.


“МОНЦАМЭ-100” үзэсгэлэнд монгол, англи, орос, хятад, япон хэлээр хэвлэн гаргаж буй сонин хэвлэлүүд, үндэсний монгол бичгээрх “Хүмүүн бичиг” сонин зэрэг тус агентлагаас эрхлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийг дэлгэжээ. Түүнчлэн цахилгаан мэдээ дамжуулж байсан морзын аппарат, МОНЦАМЭ агентлагийн ойн медалиуд, энгэрийн тэмдэг, “МОНЦАМЭ-гийн алтан дүрэм”, МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчдын ашиглаж байсан аппарат хэрэгслийг толилуулж байна. Мөн МОНЦАМЭ агентлагийн орлогч захирал, ерөнхий редактор, Москва дахь сурвалжлагч, сонин, сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан Э.Түмэнжаргалын бичгийн машин, үзэг зэргийг тус үзэсгэлэнд дэлгэсэн нь сэтгүүлчдийн үе үедээ хэрэглэж байсан бичгийн хэрэглэгдэхүүний сонирхолтой үзмэр болж байна.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж байсаар ирсэн юм. Түүнчлэн англи, орос хэлээр хэвлэн гаргадаг “MONTSAME Daily News”, “МОНЦАМЭ Новости” товхимол хэвлэн гаргадаг.  


МОНЦАМЭ агентлаг нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай үйл ажиллагаа явуулж байна. Мөн ОХУ-ын ИТАР-ТАСС, Риа-Новости, Их Британийн Ройтерс, БНХАУ-ын Синьхуа, БНСУ-ын ЁНАП, БНСВУ-ын ВМА, БНКУ-ын Пренса Латина, БНПУ-ын ПАП, БНБУ-ын БТА, БНТУ-ын Анадолу, Украин Улсын Укринформ, Америкийн дуу хоолой, Азербайжан улсын Азертак, Казахстан улсын Казинформ, Иран улсын Мер, БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агентлаг зэрэг мэдээллийн агентлагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Эдгээр агентлагтай өдөр тутам мэдээ, мэдээлэл солилцон, жил бүр сэтгүүлч, техникийн ажилтнуудаа харилцан айлчлуулж улс орноо гадаадад таниулан сурталчилдаг юм. 


Үзэсгэлэн ирэх долоо хоногийн лхагва гараг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ