Хятадын 500 том компанийн орлого 13.9 их наяд ам.долларт хүрчээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-09-25 11:40:10

БЭЭЖИН. /TASS/. Хятадын аж ахуйн нэгжүүдийн холбоо энэ оны 500 томоохон компаниудын жагсаалтыг гаргажээ.


Уг жагсаалтыг 2.667 их наяд юань буюу 412.94 тэрбум ам.долларын ашиг олсон БНХАУ-ын Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ корпорац тэргүүлсэн бол Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпорац /CNPC/ 1.959 их наяд юань буюу 303.3 тэрбум ам.долларын ашгаараа удаалсан байна. Жагсаалтын гуравдугаарт нефть, химийн томоохон компани болох “Sinopec” бичигджээ. Тус компанийн ашиг 1.957 их наяд юань буюу 303.05 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.  


Жагсаалтаас үзвэл, Хятадын 500 том компанийн нийт ашиг 7.75 хувиар өсөж, 6 их наяд юань /928 тэрбум ам.доллар/ давсан байна. Харин үндсэн үйл ажиллагаанаас олсон нийт орлого 89.83 их наяд юань буюу 13.9 их наяд ам.доллар болжээ. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 4.43 хувиар өссөн үзүүлэлт юм.


Холбооны мэдээлснээр, дэлхийн 500 томоохон компанийн орлого буурч буй үед (4.81%) Хятадын томоохон компаниудын ашиг, орлого өссөн байна. Байгууллагын орлогч дарга Жу Хунжэний хэлснээр, "инновацийг онцолсноор" Хятадын компаниудад өсөлтийн шинэ боломжууд гарч иржээ.


Хятадын аж ахуйн нэгжүүдийн холбоо жил бүр үндэсний томоохон 500 компанийн жагсаалтыг гаргадаг байна. Энэхүү жагсаалт нь улс орны хөгжлийн гол чиг хандлага, олон улсын зах зээлд эзлэх байр суурийг хянах боломжийг олгодог ажээ.


Холбоотой мэдээ