Германд парламентын сонгууль болно

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-09-26 09:52:25

БЕРЛИН. /TASS/. Түүхэн гэж нэрлэгдэх парламентын сонгууль Германд ням гарагт буюу өнөөдөр болно. Энэ удаагийн сонгуулиар Европын Холбооны зүтгүүр болох тус улсын улс төрийн ирээдүй тодорхойлогдоно.


Канцлер Ангела Меркель энэ удаа нэрээ дэвшүүлээгүй бөгөөд дараагийн Засгийн газар байгуулагдсаны дараа улс төрөөс бүрмөсөн явахаа өмнө нь мэдэгдсэн юм. "Төмөр хатагтай"-н 16 жилийн засаглалын дараа Герман улсыг шинэ үе хүлээж байна. Шинэ үе чухам ямар байх, Холбооны Бүгд Найрамдах Улс ямар замаар явах нь санал хураалтын дүнгээс шалтгаална.


Социологийн хүрээлэнгүүд Германы Социал-демократ нам, Христийн Ардчилсан холбоо болон Христийн Нийгмийн Холбоо намын консерватив эвсэл /ХАХ/ХНХ/ хооронд ширүүн өрсөлдөөн болно гэж урьдчилан таамаглаж байна. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, Канцлерт Олаф Шольцыг нэр дэвшүүлээд байгаа Социал-демократ нам ХАХ/ХНХ эвслээс ердөө нэг хувиар илүү байгаа юм. ХАХ/ХНХ эвсэл Хойд Рейн-Вестфал мужийн ерөнхий сайд Армин Лашетыг Засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлжээ.


Санал авах байрууд 08:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдах бөгөөд ARD болон ZDF телевизийн сувгууд санал хураах байрууд хаагдсан даруйд экзитпол буюу иргэдийн хийсэн сонголтын талаарх санал асуулгын эхний мэдээллүүдийг нийтэлнэ.


Сонгуулийн урьдчилсан дүнг даваа гаргийн орой, харин эцсийн дүнг мягмар гарагт танилцуулах төлөвтэй байна.


Германчууд саналаа мөн шуудангаар өгөх боломжтой. Иргэдийн саналыг наймдугаар сарын 16-наас эхлэн шуудангаар авч эхэлсэн бөгөөд иргэд есдүгээр сарын 24-ний 18 цагаас өмнө саналаа илгээх ёстой боловч 18:00 цагт санал авах байрууд хаагдахаас өмнө саналаа ямар ч байсан ирүүлсэн байх ёстой байна.


Энэ удаагийн парламентын сонгуульд хоёр Герман улсыг нэгтгэснээс хойш хамгийн олон нам оролцож байна. Тус улсын сонгуулийн хорооноос мэдээлснээр, Бундестагийн сонгуульд 47 нам оролцож байна.


Гэсэн хэдий ч зөвхөн ХАХ/ХНХ эвсэл, социал-демократууд, “Ногоон” нам, Чөлөөт Ардчилсан нам (либералууд), Барууны популист нам болон Зүүний нам л парламентад орох магадлал өндөр байгаа юм. Есдүгээр сарын 26 -нд нийт 6 211 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд үүний 2024 нь эмэгтэйчүүд ажээ.


Тус улс мажоритар болон пропорционал зарчмыг хослуулсан сонгуулийн холимог системийг ашигладаг. Нэр дэвшичдийн тал хувь нь 299 тойрогт шууд санал хураалтаар сонгогддог бол үлдсэн нь намын жагсаалтын дагуу сонгогддог.


Холбоотой мэдээ