Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 28 хувиар нэмэгдлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-09-28 09:34:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (28 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. 


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 (29.9 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 637.9 (28.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 86.8 (11.2 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 14.9 (16.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өнгөрсөн 8 дугаар сард 1.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 23.1 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 37.9 (12.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны 8 дугаар сард 1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 38.1 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт 101 (14.4 хувь) тэрбум, газрын тос олборлолт 15.7 (28.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлөв.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр, зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хайлуур жонш, чулуун нүүрс, хүрэн нүүрс, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувиас 2.1 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, ус, ундаа, жүүс, цемент, катодын зэс, 99 хувь, согтууруулах ундаа, шингэн сүү, шохой, малын мах, нүүрсэн шахмал түлш, металл бэлдэц, янжуур тамхи болон баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.2 хувиас 2.2 дахин өссөн байна.


Харин уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт алтны олборлолт 4.6, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гурил, гар ариутгагч, спирт, амны хаалт, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.3-74.8 хувиар багасжээ.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5 (45.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4.4 (61.9 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 4.4 (61.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 3.2 (61.9 хувь) их наяд, нүүрс олборлолтын салбарынх 826.8 (57.3 хувь) тэрбум, газрын тос олборлолтын салбарынх 398.3 (3.1 дахин их) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 70.9 хувийг металлын хүдэр олборлолтын, 21.1 хувийг нүүрс олборлолтын, 6.2 хувийг газрын тос олборлолтын, 1.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж, газрын тос олборлолтын салбарын бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 2.4, металлын хүдэр олборлолт 2.3 нэгж хувиар нэмэгдэж, нүүрс олборлолт 4.2, бусад ашигт малтмал олборлолт 0.7 нэгж хувиар багаслаа. 


Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны эхний 8 сард 159.5 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 43.2 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ