Чехэд АЦС-ын блок барих ажлаас ОХУ, БНХАУ-ыг хасжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-09-28 10:36:39

ПРАГА. /TASS/. Чехийн зүүн өмнөд хэсэгт орших “Дукованы” атомын цахилгаан станцын /АЦС/ эрчим хүчний шинэ блок барих, дараа нь засварлах ажилд Орос, Хятадын компаниудыг оролцуулахгүй байх тухай хуульд Ерөнхийлөгч Мелош Земан гарын үсэг зурлаа тус улсын үндэсний телевизийн суваг мэдээлжээ.


Уг хуулийг Чехийн парламентын хоёр танхимд дэмжсэн байна. Хуульд зааснаар, Дэлхийн худалдааны байгууллагын дэргэд 1996 онд хүчин төгөлдөр болсон Төрийн худалдан авах ажиллагааны гэрээнд нэгдсэн орнуудын компаниудыг л эрчим хүчний блокийн барилга угсралт, дараачийн засвар үйлчилгээнд оролцуулж болох аж. Орос, Хятадын компаниудын технологийг блокийн дараагийн засвар үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж баримт бичигт дурдсан байна.


“Дукованы” АЦС-ын эрчим хүчний шинэ блок барих тендерийг тус улсын одоогийн Засгийн газар шинэ кабинет байгуулахыг хүлээхгүйгээр аравдугаар сарын 8, 9-нд болох парламентын сонгуулийн дараа зарлаж магадгүй байгаа аж. Энэ тухай есдүгээр сарын 21 -нд Чехийн шадар сайд, Үйлдвэр, худалдааны сайд Карел Гавличек мэдэгджээ.


Дээрх АЦС-ын эрчим хүчний шинэ блокийн барилгын ажлыг 2029 оноос хэтрүүлэхгүй эхлүүлэх ёстой бөгөөд Чехийн эрх баригчид 2036 онд туршилтын горимд оруулахаар төлөвлөсөн байна.


Чехийн Засгийн газар Врбетицад болсон хэргийн улмаас ОХУ-ыг тендерт оролцуулахгүй гэдгээ бүр өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн юм. Дөрөвдүгээр сарын 17-нд Чехийн эрх баригчид тус улсын зүүн хэсэгт орших Врбетица тосгон дахь цэргийн агуулахуудад 2014 онд болсон дэлбэрэлтэд Москва оролцсон гэж мэдэгдсэний дараа Орос-Чехийн харилцаа эрс хурцадсан билээ.

Холбоотой мэдээ