Дөч гаруй спорт холбооны төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлэв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-28 15:51:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит сургалтын үеэр философийн ухааны доктор Б.Буяндэлгэр “Спортын хүрээн дэх философи” сэдвээр, “Almighty Clinic”-ийн захирал, МҮОХ-ны Эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир “Бэлтгэлийн дараах бие физиологийн сэргэлт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.


Сургалт семинарыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нээсэн бөгөөд 40 гаруй спорт холбооны төлөөлөл хамрагдаж асуулт, хүсэлтээ нээлттэй тавьж хэлэлцжээ.


Тухайлбал, Монголын волейболын холбооны дэргэдэх Элсний волейболын хороо эко системийг дэмжиж буйгаа илэрхийлж, мод тарих үйлсэд ОУОХ-ноос санхүүжилт байдаг эсэхийг тодруулав. Мөн Монголын бейсболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхсайхан спортыг ард түмэнд эергээр таниулах контент хийх хүсэлтийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганд тавив.


Ховд аймгийн БТСГ-аас орон нутагт түлхүү анхаарч ажиллах болон тоног төхөөрөмж шинэчлэх боломжтой эсэх талаар хүсэлт тавив. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүсэлтийг анхаарч ажиллахаа илэрхийлж, ОУОХ-ноос гаргадаг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгсөн байна.

Холбоотой мэдээ