Хятадад эрчим хүчний хямрал гүнзгийрчээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-09-28 17:00:54

БЭЭЖИН. /BBC/. Хятадад эрчим хүчний хямрал гүнзгийрч, улмаар үйлдвэрүүдийн ажил тасалдаж эхэлжээ. Цахилгаан эрчим хүч хотуудад ч хангалтгүй байгаа бөгөөд орон сууцны халаалт зогссон, гудамжинд гэрлэн дохио ажиллахгүй байгаа талаар хятадууд олон нийтийн сүлжээнд бичсэн байна. 


Ляонин, Гирин, Хар мөрөн мужуудын оршин суугчид цахилгаан эрчим хүчний хомсдолд өртжээ. Зарим хотод цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үеэр цахилгаан халаагуур, бичил долгионы зуух ашиглахгүй байхыг иргэдээс хүссэн байна. Түүнчлэн худалдааны төвүүд цагаасаа өмнө хааж байгаа аж.


Мөн Хятадын хэвлэлүүдэд Ляонин мужийн засаг захиргааны төв болох Шэньян хотод гэрэлтүүлэггүй замаар явж буй машинуудын дүрс бичлэг нийтлэгджээ. Үүний зэрэгцээ Хятадын өөр 10 гаруй мужид, тэр дундаа аж үйлдвэрийн төвүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тавьсан байна. 


Ляонин мужид үйлдвэрийн цехэд агааржуулалтын системийг гэнэт салгасны улмаас 23 ажилчин нүүрсхүчлийн хийнд хордон эмнэлэгт хүргэгдсэн байна.


Түүнчлэн хийн зуух ашиглан өрөөгөө дулаацуулах гэсний улмаас хүмүүс хордсон тохиолдол гарсан талаар мужийн хэвлэлүүд мэдээлжээ. 


Цахилгаан эрчим хүч тасалдах болсны шалтгаан нь нүүрсний хомсдол болон Хятадад нүүрстөрөгчийн давхар ислийн хаягдалд шинээр квот тогтоосонтой холбоотой гэж шинжээчид үзэж байна.


Хотуудын эрчим хүчний хангамжийг ойрын өдрүүдэд сэргээнэ гэж Хятадын цахилгаан сүлжээний улсын компани даваа гарагт амалжээ.


Өнгөрсөн долоо хоногт цахилгаан тасалдсаны улмаас “Tesla”, “Apple” компаниудад эд анги нийлүүлдэг үйлдвэрүүд гэх зэрэг олон үйлдвэрийн үйл ажиллагаа зогсжээ. “Apple” компанид плат нийлүүлдэг компаниудын нэг болох “Unimicron Technology Corp” компани есдүгээр сарын 26-30-ныг дуустал таван өдрийн хугацаанд гурван үйлдвэрээ зогсоосон тухайгаа ням гарагт мэдэгдсэн байна. 


Хятадад цахилгаан эрчим хүчний асуудал бүр өнгөрсөн зунаас эхэлжээ. Долоодугаар сард эрх баригчид Бээжин болон Сиань хотод төлөвлөгөөт цахилгаан таслалт хийж эхэлжээ. Тухайн үед 11 мужид цахилгаан эрчим хүчний хэрэглээ дээд хэмжээндээ хүрсэн тул эдгээр бүс нутагт тасалдал үүсэж болзошгүй гэж Блүүмберг агентлаг Хятадын цахилгаан сүлжээний улсын компанийн мэдэгдлээс эш татан мэдээлж байв. Шинжээчид үүнийг зуны халуун цаг агаартай холбон тайлбарлажээ.


Харин одоо өвөл дөхөж, нутгийн хойд хэсгээр хүйтэрч эхэлж байгаа бөгөөд Хятадын Эрчим хүчний яам нүүрс, байгалийн хий нийлүүлэгчдэд өвлийн хэрэглээгээ нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгожээ.


Хятадын Гирин мужийн захиргаа  Өвөр Монголоос нүүрс татан нүүрсний хомсдлыг шийдэхээр оролдож байгаа аж.  


Ляонин мужийн эрх баригчид өнгөрсөн долоодугаар сараас эхлэн эрчим хүчний үйлдвэрлэл эрс унасан гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний нэгэн компани тасалдал өвлийн турш үргэлжлэх бөгөөд гэнэт цахилгаан тасрах нь хэвийн үзэгдэл болно гэж олон нийтийн сүлжээнд бичжээ. Энэ бичвэрийг удалгүй устгасан боловч үүнтэй ижил мэдэгдлийг улсын телевизийн сувгаар хийсэн тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 


Хятадад энэ оны долоодугаар сарын 16-ны өдрөөс нүүрстөрөгчийн ялгаруулалтад шинэ квот тогтоожээ. Ингэснээр Хятадын үйлдвэрүүдийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна гэж тус улсын эрх баригчдын найдаж буй юм. Мөн энэ нь Хятад улс 2060 он гэхэд “нүүрстөрөгчийн төвийг сахисан” улс болох зорилтынх нь нэг хэсэг бөгөөд үүнд асар их найдвар тавьж байгаа аж. Энэ нь хорт утааны хорыг багасгах технологи, хор багатай материал руу шилжих, мод тарих замаар Хятадын үйлдвэрүүдээс агаар мандалд хаягдаж буй бүх хорт утааг тэнцвэржүүлнэ гэсэн үг юм.


Гэвч Хятадын төв эрх баригчид утаа бууруулах зорилтыг биелүүлэхгүй байна гэж бүс нутгуудын засгийн газрыг шүүмжилж байгаа бөгөөд нутаг дэвсгэртээ цахилгаан эрчим хүчний хэрэглээг өсгөхгүй байхыг мужуудын албан тушаалтнуудаас шахаж шаардаж байна гэж ВВС-гийн Бээжин дэх сурвалжлагч мэдээлжээ.


Холбоотой мэдээ