Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын чуулганд хэлэлцүүлэх асуудлын цаглаврыг батлав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-28 17:21:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцэх асуудлын цаглаврыг баталлаа. 


Цаглавар батлах тухай төслийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуралдааны эхэнд танилцуулсан. УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хороо Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцэслэн батлуулахаар цагалварын төсөлд тусгасан байна. 


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр 2021 оны долоодугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хөндөж, зарим мэдээлэл солилцов. Хууль зүйн байнгын хорооноос Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын багийг байгуулан ажиллахаар төлөвлөөд байгаа талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм.


УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалаа. Хуралдаанд оролцсон гишүүд дээрх тогтоолыг батлахыг санал нэгтэйгээр дэмжив.

Холбоотой мэдээ