Завханы хойд бүсийн сумдын нутагт баавгай орж иржээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-09-28 21:17:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэд хэдэн сумын нутаг дэвсгэрт баавгай орж ирсэн тул иргэдийг малд явахдаа анхаарал болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Тодруулбал, 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Хужир багийн нутаг “Хужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн. Мөн 9 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан. 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгай хоёр бамбарууштайгаа орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй. Иймд малчид, ард иргэд та бүхэн малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. Жимс, самарт явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх. Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг

Энэ сард тус аймгийн гурван сумын нутагт, малын бэлчээрт баавгай үзэгдэх болсон мэдээллийг иргэд өгч байгаа.

Тиймээс иргэд, малчдыг хээр баавгайтай тааралдсан тохиолдолд бахардуулж хөөлгүй аль болох алсын зайнаас дуу чимээ өгч үргээн, ойн бүс рүү явуулах арга хэмжээг авах хэрэгтэйг зөвлөсөн. Мөн иргэдэд жимс жимсгэнэ, ургамал түүх, хадлан тэжээл бэлтгэхдээ сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Жам ёсны эрхийг хөндөж амьтанд хохирол учруулсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Ховор, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, амьдрах орчныг алдагдуулсан. Тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан. Мөн худалдан авсан, ховор амьтны чихмэл хийсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10-40 мянган төгрөгөөр торгох. Хоёроос найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэж, амьтанд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн дагуу тухайн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх заалттай. Тухайлбал, хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь эр баавгай 6.5 сая, эм баавгай долоон сая төгрөгийн үнэтэй гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ