Дорноговь аймгаас гарах хөдөлгөөнийг нээж, орох хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-09-28 20:50:10

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит 45 дугаар хуралдааны шийдвэрээр энэ оны есдүгээр сарын 29-нөөс эхлэн Дорноговь аймгаас гарах тээврийн хөдөлгөөнийг тодорхой зөвшөөрлийн үндсэн дээр нээхээр шийдвэрлэлээ.

Мөн Дорноговь-Улаанбаатар, Улаанбаатар-Дорноговь чиглэлийн нийтийн тээврийн автобус иргэдийн PCR шинжилгээний хариуг үндэслэн тогтоосон халдвар хамгааллын дагуу явж эхэлнэ. Автобусаар зорчсон тохиолдолд smart.dornogovi.gov.mn цахим хуудаст хүсэлт гаргах шаардлагагүй аж.

Мөн Дорноговь аймаг руу бусад аймаг, хотоос зорчих иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Харин эрүүл мэнд, хүнс шатахуун, эм эмийн хэрэгсэл, буяны ажил, бүтээн байгуулалт зэрэг тодорхой шалтгаан бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх юм. Мөн сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг есдүгээр сарын 28-ны 06.00 цагаас эхлэн цуцалж хэвийн горимд шилжүүлэв.

Өөрөөр хэлбэл тухайн сум руу зорчих иргэн smart.dornogovi.gov.mn цахим хуудас руу хүсэлтээ илгээхэд хүлээж авах сумын Онцгой комисс зөвшөөрлийг олгохоор зохицуулжээ. Мөн бусад аймаг хотоос Дорноговь руу зорчих иргэд ч мөн адил smart.dornogovi.gov.mn цахим хуудаст хандан хүсэлтээ илгээнэ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Дорноговь аймгийн хэмжээнд коронавируст халдварын 256 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд халдварын тархалт ихэсч байна.

Иргэд, олон нийтээс Дорноговь аймаг руу орж гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхийг шаардсан санал хүсэлт, шүүмжлэл их гарч байгаа хэдий ч  тус бүс нутгаар экспорт, импортын гол бараа дамжин өнгөрдөг төдийгүй халдвар тархах эрсдэл маш өндөр  тул орж гарах хөдөлгөөнийг улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу тодорхой хэмжээнд хязгаарласан хэвээр байгааг албаныхан мэдээлсэн юм.


Холбоотой мэдээ