Худалдааны салбарын борлуулалт 21.7 хувиар нэмэгдэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-10-04 08:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын нийт борлуулалт энэ оны эхний 7 сард 14.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (21.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд өмнөх оны мөн үеийнхээс шатахууны жижиглэн худалдаа 14, бөөний худалдаа 28.5, хүнс, ундаа, тамхины бөөний худалдаа 21.6, хүнсний төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа 13.3, моторт тээврийн хэрэгслийн худалдаа 12.7 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин энэ оны 7 дугаар сард нийт борлуулалт 2.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 175.2 (6.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. 


Худалдааны салбарын борлуулалтын орлогын энэ оны эхний 7 сард 38.5 хувь нь бөөний худалдаа, 61.5 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Жижиглэн худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний 7 сард 8.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (18.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Харин энэ оны 7 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 90.4 (5.9 хувь) тэрбум төгрөгөөр багасав.


Бөөний худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний 7 сард 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (27.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол өнгөрсөн 7 дугаар сард 929 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 84.8 (8.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. 


Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.5 хувь нь нийслэлд ногдож байна. Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт энэ оны эхний 7 сард 11.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.2 (22.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин энэ оны 7 дугаар сард 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 194.7 (9.1 хувь) тэрбум төгрөгөөр багасав.


Өмнөговь аймгийн худалдааны борлуулалт энэ оны эхний 7 сард 375.6 тэрбум төгрөг болж, аймгуудын (нийслэлийг оруулаагүй) борлуулалтын нийт дүнд 16 хувийг эзэлжээ.

Холбоотой мэдээ