Болгар улстай ХАА-н салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-10-05 08:24:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Болгар Улсад айлчилж, тус улсын Газар тариалан, хүнс, ойн аж ахуйн Дэд сайд Георги Събевтай уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Талууд хоёр яам хооронд 2015 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарын техник туслалцааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, хөдөө аж ахуйн машин, техник, тоног төхөөрөмж худалдан авах, хүнсний аюулгүй байдал эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцав.


Болгарын талаас дээрх хэлэлцээрийн төслийг Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн хоёр улсын салбарын боломж бололцоог харилцан ашиглаж, газар тариалан, хөрсний элэгдэл, хүнсний үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахаар ярилцаад, яамд хооронд санамж бичиг байгуулж, байнгын ажиллагаатай механизм бий болгохоор тохиролцлоо.


Төлөөлөгчид Болгарын “Земеле Агро” ООД-ийн компанийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Балкан ООД-ийн компанитай танилцлаа. Мөн Болгарын ургамал, агро-биотехнологийн чиглэлээр тэргүүлэгч судалгааны төв болох Хөдөө аж ахуйн академийн Агробио хүрээлэнгийн үйл ажиллагааг сонирхож, Монголын судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагааг идэвхжүүлэх ойрын хугацаанд цахим уулзалтыг зохион байгуулахаар болжээ.


Холбоотой мэдээ