Цагаан ямааны ноолуур 50-115 мянган төгрөгийн үнэтэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-10-05 12:00:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 8 дугаар сард цагаан ноолуур Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий аймагт хамгийн үнэтэй, Булган аймагт хамгийн хямд байжээ.


Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр, энэ оны 8 дугаар сард цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 115 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 50 мянган төгрөг байв.


Түүнчлэн, өнгөрсөн наймдугаар сард эр хонины үнэ 212.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.2 мянга, эр ямааны үнэ 143.9 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 400 төгрөгөөр багасжээ.


Харин ат 1.3 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 39.6 мянган төгрөгөөр, хязаалан гунын үнэ 1.2 сая төгрөг болж өмнөх сарынхаас 53.7 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1 сая төгрөг болж, өмнөх сарынхаас 12.7 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.


Энэ оны наймдугаар сард эр хонь Баян-Өлгий аймагт хамгийн их бүюу 266.7 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 7.5 мянган төгрөгөөр, Дорнод аймагт хамгийн бага буюу 154.3 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.1 мянган төгрөгөөр нэмэгдлээ.


Мөн сард үхрийн 2 метрээс дээш урттай шир 8.9 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 2.2 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин ямааны цагаан ноолуур нэг кг нь 99.4 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 3.1 төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 8 дугаар сард 25 кг хивэгний үнэ Дорноговь аймагт хамгийн их буюу 24.4 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас 1.9 мянган төгрөгөөр нэмэгдсэн бол Архангай аймагт хамгийн бага буюу 12.5 мянган төгрөг болж, өмнөх сарынхаас өөрчлөлтгүй байна.

Холбоотой мэдээ