Д.Батсүрэн: Малаа бүртгэлжүүлснээр малчдад олон талын боломж бий болно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-10-05 12:49:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХХААХҮЯ-наас 2021 оныг малыг ялган тэмдэглэж бүртгэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх жил болгон зарлаж, мал бүртгэлийг эрчимжүүлээд байна.


Мал бүртгэлжүүлэх аяны хүрээнд үржилд ашиглаж буй хээлтүүлэгчээ хавар, намрын технологит хугацаанд бүртгэж байна. Ингэхдээ хавар 4 дүгээр сараас 5 дугаар сарын 25-ныг хүртэл, намар есдүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хийдэг.


Намрын технологит хугацаанд, БНХАУ, ОХУ-тай хил залгаа аймаг, сумдын цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан бод малыг бүртгэнэ. Хил нэвтрэх, нэвтэрсэн тохиолдолд хилийн байгууллага малыг ялгаж, танихад бүртгэлжүүлэлт чухал байдаг. Тухайлбал, ээмэгнийх нь дугаар бүртгэлээр аль аймаг, сум, багийн мал гэдгийг тогтоож, таньдаг аж.


Энэ талаар ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэнгээс тодруулсныг тус яамны цахим хуудаснаа мэдээлжээ.


-Малыг ямар хэлбэрээр бүртгэж байна вэ?

Малыг бүртгэхдээ ялган тэмдэглэх хэрэгсэл гэж нэрлэдэг ээмэг, чип ашигладаг. Чипийг адуунд, ээмгийг үхэр, тэмээнд хэрэглэдэг. Ээмэг, чип дээр 12 оронтой код бий. Үүний эхний хоёр орон нь аймгийнх, дараагийн хоёр нь сумынх, дараагийн хоёр нь багийн код юм. Үлдсэн 6 орон нь тухайн малд дахин давтагдахгүйгээр олгосон хувийн дугаар. Жишээ нь, хар халзан зүсмийн бух байлаа гэхэд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багийн, ийм хувийн дугаартай бух гээд бүртгэл мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл нь орчихсон байдаг. Энэ аянаар төлөвлөсөн мал сүргээ ээмэгжүүлж, бүртгэн, мэдээллээ Хил хамгаалах ерөнхий газар, ЦЕГ, замын постууд руу илгээж байна.


-Малаа бүртгэлжүүлснээр малчдад ямар давуу тал бий болох вэ?

Малыг ялган тэмдэглэж бүртгэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулснаар мал бүхий иргэдэд олон боломж бий болно. Тухайлбал, малаа гэмт халдлагаас сэргийлэх, алдсан тохиолдолд бүртгэлийн дугаараар мөрдөн мөшгөж олох боломжтой. Малаа бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хамруулсан малчныг төрөөс олгож буй урамшуулалд хамруулж байх зарчимд шилжиж байгаа. Мөн малаа барьцаалж банкнаас зээл авах, даатгалд хамруулахад бүртгэлтэй эсэхийг харгалзан, хөнгөлөлт үзүүлэх боломж бүрдэж байна.



-Бүртгэлжүүлэлт нь мал болоод малын гаралтай түүхий эдийн баталгаат байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх үү?

Малчид өөрсдийн тамга тэмдгийг өргөн ашигладаг. Тухайн малчны хотоос гарч зах зээлд худалдан борлуулж буй мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг дагалдуулаад малчин өрхийнхөө тамга тэмдгээр давхар байнга баталгаажуулж байх чиглэлийг өгч байгаа. Ноосны урамшууллын падан дээр малчин өрхийн тамга тэмдгээ дараад хэвшсэн атлаа мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээ худалдан борлуулахдаа төдийлөн ашиглахгүй байна.


Монгол Улсын хэмжээнд малаа хариулаад явж байгаа статистикт бүртгэлтэй малчин бүр өрхийн баталгааны тэмдэгтэй. Энэ баталгааны тэмдэгт малчны регистр, А дансны дугаар нь байдаг. Тэгэхээр бүртгэл мэдээллийн нэгдсэн санд мал нэг бүрийн хувийн дугаар орохоос гадна малын бөөн дүн ордог. Жишээ нь, Дорж 500 толгой малтай бол 500 малын бөөн дүн, мөн А дансны дугаар орно. Дорж 500 малаасаа 250-ийг нь ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн бол нэгбүрчлэн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд ордог.


-Аяны хүрээнд хэдэн толгой мал бүртгэлжүүлэхээр зорьсон бэ. Гүйцэтгэл хэр байна? 

Нийт нэг сая толгой мал бүртгэлжүүлэхээр төлөвлөснөөс хаврын технологит хугацаанд 46 хувийг нь ялган тэмдэглэж бүртгэсэн. Одоо намрын технологит хугацаа эхлээд ид дундаа үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Цаг агаар тогтуун байвал 11 дүгээр сарын 15 хүртэл үргэлжилдэг. Өмнөд, хойд хоёр хөрштэй хил залгаа баруун таван аймгийн малыг ялган тэмдэглэж бүртгэхэд анхаарч байна. Тухайн малын ээмэгний дугаараас гадна мал зүйн шаардлага хангасан гэрэл зургийг нь мэдээллийн санд оруулахыг зорьж, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг давхар хөгжүүлж байна.

Холбоотой мэдээ