Монголбанк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-10-06 20:36:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салаанд байрлах Бумбатын булагийн орчимд 100 гаруй мод суулгалаа.


Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Дэлхийд учирч буй эрсдэл, сорилтын нэг бол уур амьсгалын өөрчлөлт. Үүний эсрэг улс орон бүрд олон санал, санаачилга гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах үндэсний хөдөлгөөн санаачилсныг иргэн бүр талархан хүлээн авч байгаа байх. Бид Монгол Улсаа ногоон болгохын төлөө хувь нэмэр, хүч, сэтгэлээ зориулахад бэлэн. Ирэх оны төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд ногоон эдийн засгийн чиглэлээр зорилт орсон. Монголын банкны холбоон дээр тогтвортой, ногоон санхүүжилтийн хөтөлбөрийг эхлүүлсэн нь ч үүнтэй уялдаж байгаа”-г тодотголоо.


Монголбанк эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсэд анхаарч, УИХ-д өргөн бариад буй төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг судалж, бүсийн болон олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, санаачилгатай уялдсан тогтвортой санхүүжилтийн бодлого, стратеги боловсруулж хэрэгжүүлэхээр тусгаад байгаа аж. 


Манай орны хувьд агаарын жилийн дундаж хэм сүүлийн 80 жилд 2.25°С-ээр дулаарсан нь дэлхийн дунджаас 2 дахин их үзүүлэлт юм. Нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 57 хувь нь доройтоод байгаа тоо баримт бий.


Холбоотой мэдээ