З.Мэндсайхан: Манай улсад сүүний салбарыг эрчимтэй хөгжүүлэх шаардлага бий

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-10-07 14:51:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд “Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв” зөвлөлдөх уулзалт болж байна.


ГХЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулсан уулзалтаар сүүний түншлэлийн хэтийн төлөв, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа, зорилт, мөн монголын сүүний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл хийв.


Манай улс жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх нөөцтэй.


Хүүхдийн өсөлт, хөгжилтөд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэн чухал. Монголын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насны хүүхэд бүрдүүлдэг учир сүүний салбарыг эрчимтэй хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай”-г ХХААХҮ-ийн сайд онцлов.


Сүү боловсруулах дотоодын томоохон үйлдвэрүүд олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологи нутагшуулж байна. Гэвч суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах, сүүний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг багасгах, гарцыг нэмэх, сүүний чанарыг баталгаажуулах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тулгамдсан асуудал байдгийг тэрбээр дурджээ.


Иймд ХХААХҮЯ сүүний салбарыг стратегийн хувьд тогтвортой хөгжүүлэх, малчид, фермерүүдийн орлогыг тогтворжуулах, амьдралын чанарыг сайжруулах, сүүний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэхэд анхаарч байгаа аж. 


Зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын хүнсчдийн холбооны дэргэдэх Сүүний мэргэжлийн зөвлөлөөс Монголын сүүний салбарын талаарх мэдээллийн булан, дээж бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайд, дипломат байгууллагын ажилтнууд, олон улс, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид, мөн Монгол Улсын яам, агентлаг, сүүний мэргэжлийн холбоо, зөвлөлийн төлөөлөгчид оролцлоо. 


Ази тивийн сүүний түншлэлд одоогоор Афганистан, Бангладеш, Бутан, Вьетнам, Непал, Индонези, Энэтхэг, БНХАУ, Мьянмар, Монгол, Филиппин, Тайланд, Шри Ланка гэсэн 13 орон гишүүнээр элсжээ.

Холбоотой мэдээ