Брюссельд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалан олон арван мянган хүн жагсжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-10-11 15:47:01

БРЮССЕЛЬ. /DW/. НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хурлыг /COP26/ угтан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой шийдвэр гаргахыг уриалсан олон арван мянган идэвхтэн Бельгийн нийслэл Брюссель хотноо жагслаа.


Брюсселийн гудамжууд ням гарагт уриа хашхирч, лоозон барьсан идэвхтнүүдээр дүүрсэн бөгөөд жагсагчдын зарим нь устаж үгүй болж буй амьтдын төрөл зүйлийг дуурайн хувцасласан байжээ. 


"Энэ зун нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд томоохон шийдвэрүүдийг гаргах цаг болсныг харуулж байна" гэдгийг нэгэн жагсагч онцлон хэлсэн байна. 


Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч идэвхтнүүдийн хувьд 10 дугаар сарын 31-нд Шотландын Глазго хотноо эхлэн 12 хоног үргэлжлэх бага хурлаар дорвитой шийдэлд хүрэхгүй байх вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлж буй юм.


Дэлхийн хэмжээнд хийсэн олон судалгаагаар хүлэмжийн хийн ялгарал нь ойн түймрээс эхлээд үер усны аюул гэх мэт уур амьсгалын эрс тэс үзэгдлүүдийн давтамжтай харилцан хамааралтай болохыг олж тогтоогоод байгаа билээ. 

Холбоотой мэдээ