Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-10-12 16:25:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай ажлын уулзалт хийв.


Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо болж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцож буй юм.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглээд дараачийн 5 жилийн хамтын ажиллагааны чиглэлээ ойрын үед хэлэлцэж тохирохоор ярилцав. Мөн дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлж, Газрын тосны үйлдвэрийн төсөл зэрэг одоо хэрэгжиж буй томоохон төслүүдээ урагшлуулахын сацуу хамтын ажиллагааны шинэ талбаруудыг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзэв.


Сайд С.Жайшанкар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал тус улсад харьцангуй намжиж, халдварын тоо буурч байгааг дурдаад цаашид иргэд зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөхөд гадаадын улс орнуудтай идэвхтэй ажиллаж байгаагаа танилцуулж, энэ хүрээнд вакцины гэрчилгээ зэрэг тодорхой асуудлаар ойрын үед тохиролцоонд хүрэх санал дэвшүүлэв. КОВИД-19 цар тахлын хүнд үед Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөснийг сайд Б.Батцэцэг тэмдэглээд цар тахлын дараах хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ