Нэн шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-10-16 17:50:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан суманд эмчлэн тусгаарлах 12 байр ажиллаж байна. Уг тусгаарлах байруудад дутагдалтай байсан нэг зүйл нь амьсгалын аппарат аж. Цар тахлын энэ цаг үед Дархан хотын түүхт 60 жилийн ой тохиож байна. Ойн үйл ажиллагаанд зарцуулах байсан төсвийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулжээ.. Тодруулбал 300 сая төгрөгөөр 10 ширхэг амьсгалын аппаратыг худалдан авч ойн өдрөөрөө Эрүүл мэндийн байгууллагын хамт олонд бэлэглэлээ. Нэг ширхэг амьсгалын аппарат нь 30 сая төгрөг байдаг. Мөн 15 сая төгрөгийн өртөг бүхий гэнэтийн үед ашиглах хүчилтөрөгчийн баллоныг бэлэглэсэн юм.

Манай аймаг 103 мянган иргэнтэй бөгөөд Сэлэнгэ, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 50 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Тиймээс улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 дахь үеийн 64 зүсэлттэй өндөр нарийвчлалтай компьютер томографын аппаратыг энэ өдөр мөн хүлээлгэн өглөө.

Улсын төвсийн хөрөнгө оруулалтаар авсан уг аппаратыг УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Г.Дамдинням нар гардуулан өгсөн юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай чагнуур, шарлагын аппарат, түргэн тусламжийн үед хэрэглэгдэх зориулалтын цүнх, даралтын аппарат, пульс хэмжигч зэргийг Нэгдсэн эмнэлгийн хамт олонд гардуулан өгөв.

Хамтын ажиллагаатай ах, дүү хот болох БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ухай хотын Ардын Засгийн газар, Монгол-Хятад уламжлалт эмнэлгээс 33 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хэрэгцээний N95 маркийн 21600 ширхэг амны хаалтыг бэлэглэсэн байна. Улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид стандартын шаардлага хангасан амны хаалттай болж амьсгалын аппаратынхаа тоог нэмэгдүүлэн, орчин үеийн компьютер прографын аппараттай болсондоо баяртай байна.

Дэмжлэг үзүүлж хамтран ажилласан УИХ гишүүд, аймгийн Онцгой комисс, “Шарын Гол” ХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ухай хотын Ардын Засгийн газар, Монгол-Хятад уламжлалт эмнэлгийн хамт олонд эрүүл мэндийн салбарынхан талархал илэрхийлж байлаа.

 

Холбоотой мэдээ