Зуун хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-10-16 17:56:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай 31 дүгээр цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгт зөвхөн Өргөө багийн хүүхдүүдээс гадна Дархан сумын 5, 7 дугаар багийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд хамрагдах аж.

Өргөө багт 2-5 насны 254 хүүхэд байдаг. Тус багийн цэцэрлэгийн насны хүүхдүүд Төмөр замын Улиасхан болон дөрөвдүгээр багийн нэгдүгээр цэцэрлэгт хамрагддаг ажээ. Харин одоо хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдах боломж нээгдэж байна. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хорь гаруй ажлын байр шинээр бий болж байгааг Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа онцолж байлаа.

Дархан-Уул аймагт 2017-2021 онд 8 цэцэрлэгийг шинээр барьж, 7 цэцэрлэгийг өргөтгөснөөр төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 91 хувьд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ