“Жар дахь намар” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-10-17 21:13:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хойд бүсийн “Нарыг хайрла” клуб, “Хос Дог” продакшн, “ENZA” гэрэл зургийн студи, Дархан сумын ЗДТГ хамтран “Жар дахь намар” гэрэл зургийн үзэсгэлэнг Дархан хотын 60 жилийн ойн өдөр гаргалаа.. 

Уг үзэсгэлэнгээр Дархан хоттой холбоотой бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, өнгөрсөн хугацаанд болж байсан түүхэн үйл явдлыг илэрхийлсэн гэрэл зургийг Дарханыхандаа зориулав. “Нарыг хайрла” клуб нь 70 орчим гишүүнтэй бөгөөд энэ өдөр гэрэл зурагчин Г.Анхбаяр, Б.Замилан, Н.Одхүү нарын өнгөрсөн, одоо цагийн 60 гаруй бүтээлийг дэлгэлээ. Хотын хөгжлийг илэрхийлсэн гэрэл зургууд түлхүү тавигдсан бөгөөд түүхэн гэрэл зургаас МУГЖ дуучин Б.Энхбат, Ж.Батмөнх гуайгаас  шагнал авч буй агшин үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа. Уг үзэсгэлэнг иргэдээс гадна аймаг орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Сүхбаатар, Гадаад харилцааны сайд  Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Г.Дамдинням, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, нар үзэж сонирхлоо.

Холбоотой мэдээ