Нөөцийн мах бүрдүүлж, худалдан борлуулах аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-10-19 08:41:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт нөөцийн мах бүрдүүлж, худалдан борлуулах аж ахуйн нэгжийн төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлалаа.

Тус аймгийн төв Даланзадгад сумын 2022 оны хавар, зуны улирлын хүн амын махны хэрэгцээг хангах, махны хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, үнийг тогтворжуулах зорилгоор мах нөөцөлдөг. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд нийтдээ 200 тн махыг "Өнөд өвлөх трейд" ХХК, "Хан сайхан говь" ХХК, "Гүүд рүүт интертрейдинг" ХХК-иуд нөөцөлсөн. Тэд нөөцийн махаа 2-5 кг-аар савлаж нэг кг нь үхэр -8000, хонь -7000, ямаа- 6000 төгрөгийн үнэтэйгээр энэ оны хавар худалдаанд гаргаж байсан. Энэ нь махны үнийн хөөрөгдлийг зогсоох, үнийг тодорхой түвшинд барихад түлхэц болж байсан юм.

Дээрх төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд 11 дүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цагаас өмнө материалаа Нутгийн удирдлагын ордны 205 тоот өрөөнд ирүүлэхийг урьж байна. Асууж тодруулах зүйлээ 7053-2393; 7053-2871 дугаарын утсаар лавлаж болно.

Холбоотой мэдээ