Талибууд Москвагийн уулзалтын үеэр эдийн засаг, улс төрийн дэмжлэг хүснэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-10-20 09:24:33

МОСКВА. /TASS/. “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид ОХУ-ын нийслэл Москва хотод лхагва гарагт болох Афганистаны асуудлаарх уулзалтад оролцогчдоос эдийн засаг, улс төрийн дэмжлэг хүсэхээр төлөвлөж байна.


Энэ тухай талибуудын төлөөлөгч, Мэдээлэл, соёлын сайдын орлогч Забихулла Мужахид мэдэгджээ.


“Бид Москвагийн бага хуралд оролцож буй орнууд, хөрш орнуудаасаа дэмжлэг үзүүлэхийг хүснэ. Ялангуяа эдийн засаг, улс төр-дипломат салбарт улс орнууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Афганистаныг дэмжихийг хүснэ" гэж Мужахид мэдэгджээ. Түүний хэлснээр, Афганистаны эдийн засагт "цаашид дэмжлэг хэрэгтэй байна".


"Афганистан улс нь бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг" гэдгийг “Талибан”-ы төлөөлөгч цохон тэмдэглээд, төлөөлөгчид холбогдох асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ. "Мэдээж хэрэг, бага хурлын үеэр эдийн засаг, улс төрийн асуудлууд, түүнчлэн бүс нутаг, Афганистаны аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ" гэж Мужахид хэлсэн байна.


ОХУ-ын нийслэл хотод болох уулзалтад “Талибан”-ы төлөөлөгчдийг Афганистаны түр засгийн газрын тэргүүний орлогч мавлави Абдул Салам Ханафи тэргүүлнэ гэж талибууд урьд нь мэдээлсэн байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд мөн талибуудын томилсон Гадаад хэргийн сайд мавлави Амир Хан Моттаки болон бусад хэд хэдэн сайд багтжээ.


11 улсын төлөөлөгчид лхагва гарагт Москва хотноо Афганистаны асуудлаарх гурав дахь уулзалтыг зохион байгуулна. Хамгийн сүүлд ийм зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 11 дүгээр сарын 9-нд хийжээ. Москвагийн форматыг 2017 онд Орос, Афганистан, Энэтхэг, Иран, Хятад, Пакистаны тусгай төлөөлөгчдийн зургаан талын зөвлөлдөх механизмд үндэслэн бий болгосон байна. 


Холбоотой мэдээ