Тарвас брэндийн даавуун тор худалдаанд гарчээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-20 10:30:12

Ховд /МОНЦАМЭ/ “Ховд брэнд”-ийн бэлэг дурсгалын шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа. Тодруулбал, Ховд аймгийн Буянт, Булган, Эрдэнэбүрэн сумын эмэгтэйчүүдэд зориулсан "Ховд брэнд" гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн сургалт болов. 

Тус сургалтад хөдөөгийн сумдын 30 гаруй эмэгтэй оролцсон байна. Тэд “Шидэт тарвас” даавуун тор, бусад төрлийн гар урлалын бүтээгдэхүүн хийж, “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвд энэ сарын 19-ний өдөр үзэсгэлэн гаргалаа. 

Энэхүү үйл ажиллагааг Германы хамтын ажиллагааны (GIZ) SPASES төслийн дэмжлэгтэй Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, "Шинэ замнал" ТББ-ын дэргэдэх "Зүүмэл урлал"-ын төв хамтран хэрэгжүүлсэн юм.   

Үүний зорилго нь орон нутгийн онцлогийг харуулсан шинэ үйлдвэрлэл бий болгоход чиглэж байсан. Энэ утгаараа орон нутгийн эмэгтэйчүүд хамтран даавуун дээр хатгамлаар тарвас урлаж, тарвас брэндийн тор үйлдвэрлэсэн нь олны анхаарлыг татав.  

Энэхүү даавуун торыг иргэд “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвөөс худалдан авах боломжтой. Нэг торны нэмүү өртөг шингэсэн үнэ 8 мянган төгрөг аж.

Ийнхүү нутгийн брэнд болох тарвасыг сурталчилсан даавуун торыг үйлчилгээнд нэвтрүүлэх нь эдийн засаг, байгаль орчинд эeрэг нөлөө үзүүлэх давуу талтай.  
 

Холбоотой мэдээ