Газрын харилцааны цахим систем жилд 1.2 тэрбум төгрөг хэмнэнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 14:14:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын харилцааны цахим системийг нэвтрүүлснээр, жил бүр үнэт цаасны шимтгэлд иргэдийн халааснаас гардаг 1.2 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа тухай Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр өнөөдөр мэдээлэв. 


Тэрээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 10 дугаар сарын 1-нээс нэвтэрсэн газрын харилцааны цахим системийн талаар танилцуулга хийсэн юм. Тодруулбал, тус системээр иргэн, аж ахуйн нэгж газрын гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ цахимаар үнэ төлбөргүй хэвлэн авах боломж бүрдсэн. Ерөнхий сайдын захирамжаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан Авлигын индексийг бууруулах ажлын багаас тус ажлыг хэрэгжүүлсэн юм. 


Дээрх систем ашиглалтад орсноор, газрын харилцааны салбарт байгаа шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, очер дарааллыг бууруулах, шат дамжлагыг багасгахад томоохон ахиц авчирсан байна. Тухайлбал, иргэд сар бүр 100 сая төгрөг, жилд 1.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны шимтгэл болгон тушаадаг байв. Тэгвэл энэ мөнгө иргэдийн халаасанд үлдэх юм. Учир нь иргэн QR кодоор баталгаажсан газрын гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ дурын цаасан дээр хэвлэн авах боломжтой. Өмнө нь дээрх бичиг баримтыг олгоход 10 гарын үсэг зурагддаг байв. Ингэснээр, нэг дүүрэгт сард 6100 гарын үсэг зурдаг байсан бол одоо ямар ч гарын үсэг шаардлагагүй болж байгаа юм. Түүнчлэн иргэн газрын захирамж гарснаас хойш гэрээгээ авахаар 30-60 хоног дугаарладаг байсан хугацаа нэг минут болж багасжээ. 


Өнөөдрийн байдлаар, 2983 иргэн, аж ахуйн нэгж газрын гэрчилгээгээ цахимаар хэвлэн авсан байна. Ингэснээр иргэд 58.5 сая төгрөгийн үнэт цаасны шимтгэлийг хэмнэжээ. 


Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас 21 аймгийн төвд цахим үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлжээ. Ингэснээр интернэт ашиглах боломжгүй байгаа орон нутгийн иргэд газрын гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ үнэ төлбөргүй хэвлэн авах боломж бүрдэж байгаа юм. 


Засгийн газрын өнгөрсөн сарын 15-ны хуралдаанаар, газрын эзэмшигч, ашиглагчийг ил тод болгох үүрэг өгчээ. Энэ хүрээнд газрын дуудлага худалдааны цахим биржид оролцож байгаа иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг нээлттэй гаргадаг болсон байна.  Иргэн газрын харилцааны egazar.gov.mn цахим хуудсанд хандаж, тухайн газрын эзэмшигч байгууллага, аж ахуйн нэгжийн мэдээллийг харах боломжтой. Түүнчлэн цахим системд байгаа төрийн байгууллага болон компаниудын мэдээллийг ил болголоо. Харин Хувь хүний нууцын тухай хуулиар хувь хүний нэрийг харуулах боломжгүй юм. Тиймээс Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа ХЗДХЯ-нд хүргүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ