Дэлхийн улс орнуудад ямар хомсдол нүүрлэж байна вэ?

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-10-20 17:28:34

ЛОНДОН. /BBC/. Дэлхий даяар иргэд, аж ахуй нэгжүүд кофе, нүүрснээс эхлээд юм бүхний хомсдолтой нүүр тулгарч байна. Энэхүү нөхцөл байдлыг цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний саатал бөөгнөрөлтэй холбон тайлбарлах нь түгээмэл байгаа ч өөр бусад хүчин зүйлс ч мөн нөлөөлсөн бөгөөд үр дагавар нь янз бүрээр мэдрэгдэж байна.


Хятад: Нүүрс, цаас

Хятадад сөрөг үр дагавартай үйл явдлууд давхцан тохиолдож буй нь дотоодын төдийгүй гадаадын аж ахуй нэгжүүд, дэлгүүрийн эздэд нөлөөлж байна. Оксфордын Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн доктор Михал Мейданы ярьснаар, Хятадад дэгдээд буй “шуурга” цааснаас эхлээд хүнс, бөс бараа, “iPhone” гар утасны чипэнд хүртэл нөлөө үзүүлж байна. Иймд эдгээр бүтээгдэхүүн зул сарын баярын үеэр хомсдож магадгүй хэмээн тэрбээр таамаглаж байна.



Энэ бүхэн Хятадын 20 гаруй мужид цахилгаан хангамж тасалдахад хүргэсэн эрчим хүчний хямралаас улбаатай юм. Тус улсын цахилгаан эрчим хүчний тэн хагасаас илүү хувийг нүүрсээр хангадаг. Харин нүүрсний үнэ дэлхий даяар өсөх болоод буй юм. Үүнээс үүдэлтэй зардлыг үнийн хатуу хязгаарлалтын улмаас хэрэглэгчдэд үүрүүлэх боломжгүй тул эрчим хүчний компаниуд үйлдвэрлэлээ бууруулж байна.


Мөн уурхайн аюулгүй байдлыг хангах шинэ арга хэмжээнүүд, байгаль орчныг хамгаалах хатуу дүрэм журам, саяхан нүүрлэсэн үерийн гамшиг зэрэг нь нүүрсний олборлолтыг бууруулсныг М.Мейдан онцлов. Энэ нь Хятадын бараа бүтээгдэхүүний эрэлт өсөж байгааг үл харгалзан үйлдвэрүүдийг эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, улмаар түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсооход хүргэх болжээ.


АНУ: Тоглоом, ариун цэврийн цаас

“Зул сарын баярын үеэр иргэд зарим бараа бүтээгдэхүүнийг худалдан авч чадахгүйд хүрч болзошгүй” гэж Цагаан ордны төлөөлөгч анхааруулжээ. Тодруулбал, тоглоомнуудаас гадна ариун цэврийн цаас, савласан цэвэр ус, шинэ хувцас, гэрийн тэжээвэр амьтны хоол зэрэг үндсэн хэрэглээний бүтээгдэхүүнүүд хомсдож магадгүй байна.


Энэ нь АНУ-ын боомтууд дээр үүсээд буй ачаа барааны бөөгнөрөлтэй холбоотой. Тус улсад тээвэрлэгдэн ирж буй 10 чингэлэг тутмын дөрөв нь ердөө хоёрхон боомтоор буюу Лос-Анжелес, Лонг-Бич хотын боомтоор дамждаг. Есдүгээр сарын нэгэн өдөр л гэхэд Лос-Анжелесийн боомтод хамгийн олон буюу 73 усан онгоц дарааллан зогсож байжээ. Цар тахал дэгдэхээс өмнө нэгээс олон онгоц хүлээгдэх нь л ер бусын үзэгдэл байсан юм. Тиймээс ачааллыг бууруулахын тулд хоёр боомтын аль аль нь 24/7 хуваариар ажиллаж байна.



Гэхдээ зарим тохиолдолд “COVID-19” цар тахлын тархалтаас үүдэлтэй шалтгаанаар хомсдол үүсэж байна. Тухайлбал, Америкийн спорт хувцас хэрэглэлийн “Nike” компанийн хувьд Зүүн Өмнөд Азийн орнуудад олон төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Гэтэл Вьетнам дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагаа халдварын улмаас түр хугацаагаар зогссон юм.


Харвардын Бизнесийн сургуулийн профессор Вилли Шихийн ярьснаар, бүтээгдэхүүнүүдийг хэдийнээ үйлдвэрлэсэн байлаа ч жижиглэн худалдаалагчдад хүргэх нь улам хүндрэлтэй болоод байна. Мөн АНУ-ын хэрэглэгчдийн зардал огцом өсөж байгаа ч үйлдвэр, боомт, зам, төмөр замууд дээр үүсээд буй түгжрэл нь ачаа барааны бөөгнөрөл үүсгэж байна гэж тэрбээр хэллээ.


Энэтхэг: Автомашин, компьютерын чип

Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч хамгийн том компани болох “Maruti Suzuki”-гийн үйлдвэрлэл дэлхий нийтийг хамраад буй компьютерын чипний хомсдолын улмаас огцом буураад байна. Япон, БНСУ-д цар тахлын улмаас үйлдвэрлэл саатсанаар чип хомсдоход хүрсэн юм.


Автомашинаас гадна гар утас, компьютерт өргөнөөр хэрэглэгддэг чипний эрэлт нь цар тахал дэгдэхээс ч өмнө “5G” технологиос шалтгаалан өсөөд байсан юм. Түүнчлэн “COVID-19” тархсанаас хойш хүмүүс гэрээсээ ажиллах болсон нь зөөврийн компьютер, вэб камерын эрэлтийг нэмэгдүүлжээ.



Мөн Энэтхэгт эрчим хүчний нөөц тасалдсан нь эд ангийн хомсдолыг улам даамжруулжээ. Тус улсад нүүрсний нөөц маш бага хэмжээнд хүрээд байгаа боловч эдийн засаг “COVID-19”-ийн хоёр дахь давлагаанаас сэргэж байгаатай зэрэгцэн эрчим хүчний эрэлт өсөж байна. Гэвч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөж, Энэтхэгийн импорт буурах болоод байна.


“Эрчим хүчний хямрал өргөн цар хүрээтэй үр дагавар учруулна. Нүүрсний хомсдол үүссэн тохиолдолд үйлдвэрлэлийн салбар, цемент, ган, барилгын ажил бүгд нөлөөнд нь өртөнө” гэж “Coal India Limited” компанийн тэргүүн асан Зохра Чаттержи ярьжээ. Мөн цахилгааны үнэ нэмэгдсэнээр өрхүүд ч мөн үр дагаврыг нь амсана гэдгийг шинжээчид хэлж байна.


Бразил: Кофе, ус

Бразил сүүлийн зуун жилд тохиогоогүй ган гачигт нэрвэгдсэнээр кофены ургац буурснаас гадна цочир хүйтэрсэн нь кофены үйлдвэрлэлийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулжээ. Мөн тээвэрлэлтийн зардал өсөж, чингэлгийн хомсдол үүссэн нь кофе үйлдвэрлэгчдэд нэрмээс болов. Тус улс нь дэлхийн кофены хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч тул дээр дурдсан шалтгаануудаас үүдэлтэй зардлын өсөлтийг дэлхий даяарх кафенууд ч гэсэн давхар үүрнэ.



Бразил нь цахилгаан хангамжийнхаа дийлэнх хувийг усан цахилгаан станцаар хангадаг тул ус хомсодсон нь эрчим хүчний хангамжид шууд нөлөө үзүүлжээ. Тийнхүү эрчим хүчний үнэ өсөж байгаатай холбогдуулан эрх баригчид хязгаарлалт тогтоохоос зайлсхийхийн тулд эрчим хүчний хэрэглээгээ хумихыг иргэдээсээ хүсэж байна. Washington Post” сонинд мэдээлснээр, Бразилын Эрчим хүчний сайд эрчим хүчний хэрэглээгээ 20 хувиар бууруулахыг Засгийн газрын харьяа агентлагуудаас хүссэн байна.


Нигери: Ахуйн хий

Нигерид ахуйн хэрэглээнд түлхүү ашигладаг шингэрүүлсэн нефтийн хий хомсдох болжээ. Африктаа байгалийн хийн нөөцөөрөө тэргүүлдгийг үл харгалзан тус улсад ийм нөхцөл байдал үүсжээ. Нигерид шингэрүүлсэн нефтийн хийн үнэ 4-7 дугаар сарын хооронд ойролцоогоор 60 хувиар өссөний улмаас олон иргэн хийн хэрэглээнээсээ татгалзахад хүрсэн байна.


Үүнээс шалтгаалан өрхүүд, аж ахуй нэгжүүд модны нүүрс, түлшний мод гэх мэт илүү бохир түүхий эдийг хэрэглэх болжээ. Хийн үнэ өссөн шалтгаануудын нэг нь дэлхийн хэмжээнд нийлүүлэлт хомсодсонтой холбоотой. Тус улс нь одоог хүртэл импортын шингэрүүлсэн нефтийн хийнээс хамааралтай хэвээр байгаа юм.



Мөн валютын ханш суларч, шингэрүүлсэн нефтийн хийнд дахин татвар ногдуулсан нь нөхцөл байдлыг улам даамжруулсан байна. Иргэд хийн хомсдлын улмаас хямдаас гадна хортой түлш хэрэглэснээр эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна.


Ливан: Ус, эм

Ливанд ус, эм, шатахууны хомсдол үүсээд байгаад олон нийтийн санаа зовниж байна. Сүүлийн 18 сарын турш эдийн засгийн хямрал нүүрлэсний улмаас улсын хүн амын дөрөвний гурав нь ядуурч, Засгийн газар, улс төрийн системийг эсэргүүцсэн томоохон жагсаалууд өрнөхөд хүргэжээ. Ливаны эдийн засагт цар тахал дэгдэхээс ч өмнө асуудлууд үүсээд байсан бөгөөд “COVID-19” нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.



Түлшний хомсдолын улмаас цахилгаан хангамж байнга тасалдах болсон нь аж ахуй нэгж, өрхүүдийг үнэтэй хувийн цахилгаан дизель генератороос хамааралтай болгожээ. НҮБ-ын Ливан дахь хүмүүнлэгийн асуудал хариуцсан төлөөлөгч Нажат Рочди наймдугаар сард мэдэгдэхдээ, “Ливаны олон сая иргэний эрүүл мэнд, усны хангамжид түлшний хямрал нөлөөлж буйд гүнээ харамсаж байна” гэжээ. 

Холбоотой мэдээ