Майкл Жорданд тусгайлан зориулж бүтээсэн “Nike”-ийн пүүзийг үнэ хаялцуулжээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-10-25 11:55:42

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) ээлжит аварга шалгаруулах тэмцээний тоглолтод домогт сагсан бөмбөгч Майкл Жорданд тусгайлан зориулж “Nike” компаниас бүтээсэн анхны хос пүүзийг ням гарагт дуудлагаар худалджээ.


“Air Jordan” брэндийн эхлэл болсон уг пүүзийг АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хот дахь дуудлага худалдааны “Sotheby's” ордонд үнэ хаялцуулж, 1 сая 47 мянган ам.доллароор худалдсан нь дуудлага худалдаагаар зарагдсан энэ брэндийн пүүзнүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн пүүз болсон байна.


“Sotheby's” ордны цахим хуудсанд гарсан мэдээлэлд онцолсноор, Жордан анх 1984 оны NBA-ийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь тоглолтод энэ пүүзтэй гарсан байна. Учир нь “Nike” компани улирал эхлэхээс өмнө пүүзийг хийж амжаагүй байжээ. Тухайн үед “Air Ships” гэдэг нэртэй байсан цагаан, улаан өнгийн пүүзтэй гарч ирсэн нь хэт тод загвартай байсан тул лигийн удирдлагуудын эсэргүүцэлтэй тулгарч, Жордан тоглолт бүрд хэдэн мянган доллароор торгуулдаг байжээ. Гэсэн хэдий ч Жордан өөрт нь зориулж бүтээсэн пүүзээ хэзээ ч сольж байгаагүй бол энэ нь “Nike”-д маш их сурталчилгаа болжээ. Хожим нь пүүзний энэ загварыг “Air Jordan” гэж нэрлэсэн юм.


Уг пүүзийг хүүхэд байхдаа NBA-ийн нэг тоглолтод бөмбөг зөөгчөөр ажиллаж байх үеэрээ Жорданоос биечлэн авсан Томми Тим Льюис гэгч дуудлага худалдаанд тавьсан байна. Дуудлага худалдаа эхлэхээс өмнө пүүзийг 1-1.5 сая ам.доллароор үнэлж байжээ.


Жордан бол Олимпын хоёр удаагийн аварга (1984, 1992), "Chicago Bulls" багийн бүрэлдэхүүнд NBA -ийн зургаан удаагийн аварга юм. Тэрбээр мөн “Washington Wizards” багт тоглож байсан бөгөөд 2003 онд карьераа дуусгасан билээ. Жордан NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор таван удаа шалгарч, бүх оддын тоглолтод 14 удаа оролцсон юм. Тэрбээр нэг тоглолтод 30.1 оноо, 6.2 самбараас бөмбөг авалт, 5.3 оновчтой дамжуулалт дунджилж байв.


Холбоотой мэдээ