Гэртээ эмчлүүлэгчдийн тоо буурч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-10-25 11:41:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт “КОВИД-19” халдварын 2954 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 41 дэх долоо хоногийнхоос 7.6 хувиар буурсан үзүүлэлт юм.


Энэ тухай Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулав. Тэрбээр гэртээ эмчлүүлэгчдийн тоо 34-38 дахь долоо хоногт эрчимтэй өсөж байсан бол 39-42 дахь долоо  хоногт аажмаар буурч эхэлснийг тодотголоо.


Харин дархлаажуулалтад оролцож буй иргэдийн идэвх төдийлөн нэмэгдэхгүй байна. Тиймээс явуулын багийг байнга ажиллуулж байгаа юм. Нэмэлт тунгийн вакцинжуулалтад  70 багийн 300 гаруй эмч ажиллаж байна. Аравдугаар сарын  23-ны бямба гарагт явуулын багийнхан хоёр их сургуулийн 115 оюутан, нэг байгууллагын 123 албан хаагч, гэрээр 84 хүнийг дархлаажуулсан байна. Өссөн дүнгээр 13 их, дээд сургуулийн 1918 оюутан, 16 байгууллагын 1384, гэрээр 2021 /үүнээс хөгжлийн бэрхшээлтэй болон гэрийн асаргаанд байдаг 707/  нийт 5323 иргэнийг явуулын багаар дархлаажуулжээ.

Холбоотой мэдээ