Америкт согтууруулах ундаа хомсдож магадгүй байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-10-25 12:17:30

ДАЛЛАС. /ABC7/. Цар тахлаас үүдэлтэй ачаа барааны бөөгнөрөл дэлхийн бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд нөлөөлөх болоод буй. Тухайлбал, АНУ-ын Лос-Анжелес хотын боомтод тээврийн чингэлгүүдэд тоглоом, пүүз гэх мэт бараа бүтээгдэхүүн ачсан чингэлгүүд гацаад байна.


Харин тэдгээрийн дунд согтууруулах ундаа ч мөн багтаж байгааг “CNN” телевиз мэдээлжээ. Spec's Liquor” дэлгүүрийн менежер Жейк Дьюкийн ярьснаар, сүүлийн үед согтууруулах ундааны борлуулалт өсөж, урьдынхаас богино хугацаанд худалдаалагдаж дуусах болсон байна. 


Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниуд намар, өвлийн улиралд зарим бүтээгдэхүүний нийлүүлэлт хязгаарлагдаж болзошгүйг анхааруулах болжээ. Мөн Засгийн газартай хамтран ажилладаг компаниудын ажилтнуудыг вакцинд хамрагдаагүй тохиолдолд түр чөлөөлөх шийдвэр нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй байна. Энэхүү шийдвэр нь 12 дугаар сарын 18-наас хэрэгжиж эхлэх юм.


Бөөний худалдаа эрхлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Эрик Хоплин энэ талаар хэлэхдээ, ажиллах хүчний хомсдол хэдийнээ нүүрлэж эхлээд байгаа тул цаашид нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэв. Хэдийгээр тус холбоо вакцинд хамрагдах шаардлагыг ажилтнууддаа тавьж байгаа боловч зарим нь вакцин хийлгэснээс ажлаасаа гарахыг илүүд үзнэ гэдгээ илэрхийлээд байна. Иймд холбооны төлөөлөгчид ажилтнуудыг вакцинд заавал хамруулах шийдвэрийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулж, шинжилгээнд хамруулах нөхцөлийг нэмэлтээр оруулахыг Цагаан ордонд уриалжээ. 

Холбоотой мэдээ