Аймгуудад 905 тонн шатахуун нийлүүлжээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-10-25 12:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээгээр энэ сарын 23-24-нд “НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундарга Увс зэрэг ААН, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймагт 335 тонн, зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачиж түгээжээ. Мөн “НИК, Сод монгол ХХК Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензиний түгээлт хийгээд байна.

Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж буй учир УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензиний хангамж, түгээлтийг сайжруулахаар ийнхүү ажиллаж байгааг мэдээллээ.

ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад АИ-92 автобензиний нийлүүлэлт энэ оны 9 дүгээр сарын 20-ноос багассан. Улмаар манай улс энэ сард ОХУ-аас 54.880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын үйлдвэрээс 20.000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөснөөр 10 дугаар сарын 24-ний байдлаар ОХУ-аас 12.800 тонн, БНХАУ-аас 12.250 тонн, нийт 25.050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.


Хөххотын газрын тос боловсруулах үйлдвэрээс өнөөдөр манай улс руу 7700 тонн АИ-92 автобензин ачиж байна. Ингэснээр шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байна.




Ангарскийн үйлдвэрийн үйл ажиллагаа энэ сарын 17-ноос эхлэн тогтворжиж, хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензин ачиж эхэлжээ. Мөн Хөххотын газрын тос боловсруулах үйлдвэрээс өнөөдөр 7700 тонн АИ-92 автобензин ачиж байна. Ингэснээр шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байна.

​Манай улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хотод 850 тонн, Хангайн болон төвийн бүсэд 265 тонн, баруун болон зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.

Холбоотой мэдээ