Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-26 12:01:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 12 дугаар сард ОХУ-д айлчлахаар төлөвлөж байгаа тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдээлэв. 


Тэрбээр, "Цар тахлын үед дэлхий даяар гадаад харилцаа зогсонги байдалд орсон ч цахим уулзалтаар явуулж байна.  Монгол Улсын хувьд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг цонхоор, нэг байр суурьтайгаар гадаад бодлогоо явуулж байгаа нь манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д таалагдаж байна. Цаашид том төслөө хэрэгжүүлэх талаар цогц арга хэмжээ авахаар хоёр хөрштэйгөө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд ярьж байгаа" хэмээв. 


Мөн тэрээр хоёр хөрш оронд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын зарим тов тодорхой болсныг тэмдэглэв. Ерөнхийлөгчийн айлчлалаас гадна Бээжингийн өвлийн олимпын үеэр, Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байгааг дуулгав. 


ОХУ, БНХАУ-ын талаас цар тахлын нөхцөл байдал сайжирвал хамгийн түрүүнд Монгол Улсын айлчлалыг хүлээн авахаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ