“Moderna” вакцинаа бага насны хүүхдүүдэд аюулгүй, үр дүнтэй гэв

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-10-26 12:36:33

ВАШИНГТОН. /Euronews/. АНУ-ын “Moderna” биотехнологийн компани “COVID-19”-ийн вакцинаа 6-11 насны хүүхдүүдэд аюулгүйгээс гадна үр дүнтэй бололтой байгааг даваа гарагт мэдэгдлээ.


Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран явуулсан судалгаанд 50 микрогамм буюу насанд хүрэгчдэд тарьж байгаагийн тэн хагастай тэнцэх тунг ашиглажээ. 


"Moderna" судалгааны үр дүнгээ АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар, Европын Эмийн агентлаг тэргүүтэй холбогдох байгууллагуудад удахгүй хүргүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.


Энэхүү судалгаанд 6-11 насны 4700 гаруй хүүхдийг хамруулж, тодорхой тооны хүүхдүүдийг хоёр тунд 28 хоногийн зайтай хамруулахад эсрэг биетийн хүчтэй хариу урвал үзүүлжээ.


Хүүхдүүдэд сульдах, толгой өвдөх, халуурах, тариулсан хэсэгт хөндүүрлэх зовиур хамгийн түгээмэл илэрчээ. “Moderna” зургаа болон түүнээс дээш сартай хүүхдүүдэд вакцин аюулгүй, үр дүнтэй эсэхийг мөн судалж байгаа юм.


Энэхүү вакциныг Европын Холбооны насанд хүрэгчдэд тарих зөвшөөрлийг 2021 оны нэгдүгээр сард олгосон бөгөөд хожим нь 12-17 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Харин АНУ-д өсвөр насны хүүхдүүдэд тарих зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа билээ. 

Холбоотой мэдээ