Цармын бүргэд нүүдэллэдэг болохыг судалгаагаар тогтоожээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-26 13:18:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын эрдэмтэд цармын бүргэдийг судлах ажлыг 2002 оноос эхлүүлсэн бөгөөд судалгааны зорилгоор бүргэдийг бөгжлөх ажлыг 2013 оноос, GPS дохио дамжуулагч зүүх ажлыг 2018 оноос хийж байна.

Тухайлбал, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид 2018 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын бүргэдчдийн 2-18 жил тэжээж байгальд буцаан тавьсан 4 бүргэд, мөн тус аймгийн нутаг дэвсгэрт байгалиас барьсан зэрлэг 4 бүргэдэд сансрын дохио дамжуулагч суурилуулан явуулжээ. Мөн ийм туршилтыг Дорнод аймаг, Хэнтийн Хурх, Төв аймгийн Эрдэнэсантад хийсэн байна.

Баян-Өлгий аймагт зүүсэн 8 дохио дамжуулагчийн 4 нь тухайн бүргэдийн байршлыг 2 цаг тутамд идэвхтэй дамжуулж байжээ. Харин үлдсэн 4 төхөөрөмж ажиллагаагүй болсон, эсвэл бүргэд эрсдэлд орсон байж болзошгүй тул мэдээлэл дамжуулж өгөөгүй байна.

Судалгаанаас харахад дохиолол зүүсэн бүргэдүүдийн нэг нь ОХУ, Казахстан Улсын нутаг руу нэг хэсэг орж, ихэнхдээ харьцангуй суурин маягтай амьдарчээ. Байршлын мэдээллээ одоог хүртэл дамжуулж байгаа аж.

Бусад шувууд БНХАУ-ын нутаг, Тянь-Шанийн нуруу хүртэл нүүсэн, буцаж ирээд эргээд урагшаа явсан зэрэг хөдөлгөөн хийжээ.

"Бид цармын бүргэдийг тодорхой нэг газарт байгаад байдаг суурин шувуу гэж боддог байсан. Харин дээрх судалгаагаар тодорхой хэмжээгээр шилжилт хийдэг, зарим бодгалиуд нүүдэл хийдэг онцлог харагдаж байна" хэмээн Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач, доктор Н.Цэвээнмядаг хэлэв.  



Холбоотой мэдээ