АСЕАН, БНХАУ Ши Жиньпиний оролцоотой дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-10-27 12:35:35

СИНГАПУР. /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо /АСЕАН/ болон БНХАУ-ын хооронд түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулж, тусгай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар болжээ. Уг уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцоно гэж Брунейн султан Хассанал Болкиах мягмар гарагт цахимаар зохион байгуулсан АСЕАН-БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


"Хятад улс Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хөгжилд урт хугацааны чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа бөгөөд үүнийг эдийн засгаас эхлээд цар тахалтай тэмцэхэд үзүүлж буй дэмжлэг хүртэл янз бүрийн салбарын хамтын ажиллагаа нотолно” гэж султан Хассанал Болкиах цохон тэмдэглэжээ.


Хятад улстай яриа хэлэлцээ хийж эхэлсний 30 жилийн ойд зориулсан тусгай дээд хэмжээний уулзалтыг ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Удахгүй болох уулзалтад Хятадын удирдагч оролцох төлөвтэй байна. АСЕАН-ы жил бүрийн арга хэмжээ, тэр дундаа Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад Бээжинг ихэвчлэн Төрийн зөвлөлийн ерөнхий сайд төлөөлдөг. Дээд хэмжээний уулзалтын дараа БНХАУ болон АСЕАН-ы хооронд "иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа" тогтоосны зарлах ёстой юм. “Энэхүү уулзалт нь түншлэлийн харилцааг дараагийн шатанд гаргах замыг тодорхойлох сайхан боломж болно” гэж Брунейн султан онцолсон байна. 


Хассанал Болкиах  мөн " Хятад улс АСЕАН-ы орнуудад буцалтгүй тусламж үзүүлж, вакцин, эм нийлүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ".


БНХАУ тус холбооны худалдааны хамгийн түнш болсон бөгөөд өнгөрсөн онд худалдааны эргэлт 732 тэрбум ам.долларт хүрчээ. Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн холбоонд Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин улсууд багтдаг.


Холбоотой мэдээ