АХБ тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх 32 сая ам.долларыг баталлаа

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-10-27 13:20:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлж, төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хоёр дахь төсөлд АХБ 32 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтийг баталлаа.

Төсөл нь Монгол Улсын баруун бүсийн Ховд, Увс гэсэн 3 аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.Тодруулбал:

  • нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,
  • байгалийн унаган төрхийг хамгаалах, соёлын өвийн үнэ цэнийг хадгалах,
  • коронавируст халдварын цар тахлын дараах сэргэлт, тэсвэртэй байдлыг сайжруулахад чиглэнэ.

Үр дүнд нутгийн 16,296 иргэн аялал жуулчлалаас ашиг хүртэх чадвараа сайжруулж, орлогоо нэмэгдүүлэх аж.

“Монгол Улсын аялал жуулчлалын салбар жижиг хэдий ч хурдацтай хөгжиж байгаа бөгөөд улс орны эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд аялал жуулчлалын салбарын хөгжил чухал ач холбогдолтой” хэмээн АХБ-ны Байгаль орчны тэргүүлэх мэргэжилтэн Марк Безайн онцлов.

Тэрээр, “Энэхүү төслөөр орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн болон хувийн хэвшлийн чадавхийг бэхжүүлж, жуулчдын гудамж, цогцолборыг байгуулснаар ажлын байр бий болгож, дэлхийн хэмжээнд ач холбогдолтой байгалийн болон соёлын өвийн таван цогцолборт газрын менежментийг сайжруулна” гэлээ.



Ховд, Увс аймгийн төвд аялал жуулчлалын 2 гудамж байгуулж, байгалийн цогцолборт газруудын ойролцоо нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны 9 захыг бий болгох бөгөөд энд эмэгтэйчүүдийн оролцоог тусгайлан анхаарна. 




Монгол Улсад дархан цаазат болон байгалийн цогцолборт газар, мөн соёлын өвийн чухал сүлжээ бий. Байгаль, соёлын өвд суурилсан эко аялал жуулчлал нь нутгийн иргэдэд төдийгүй санхүүжилт дутмаг байдаг байгалийн цогцолборт газруудад хэрэгцээтэй ажлын байр, санхүүгийн эх үүсвэрийг бий болгодог. Гэсэн хэдий ч тухайн газар нутгийг жуулчдын хөл хөдөлгөөнд талхлуулахгүйн тулд аялал жуулчлалын үйл ажиллагааг сайтар төлөвлөх шаардлагатай юм.


Төслийн хүрээнд дотоодын аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах, орон нутагт бий болох үр өгөөжийг тогтвортой, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, дархан цаазат газарт дэмжлэг үзүүлэх зэрэг олон салбарыг дамнасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Ховд, Увс аймгийн төвүүдэд аялал жуулчлалын 2 гудамж байгуулж, байгалийн цогцолборт газруудын ойролцоо нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны 9 захыг бий болгох бөгөөд ингэхдээ эмэгтэйчүүдийн оролцоонд тусгайлан анхаарна. Нутгийн иргэд болон бичил, жижиг, дунд бизнесүүдэд зориулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд мэргэжлийн сургалт, бичил зээлийн эргэлтийн сан, залуу бизнес эрхлэгчдийн инкубатор зэрэг орон нутагт суурилсан бүтцийг дэмжинэ.

Мөн Монгол орны баруун бүсэд анх удаа аялал жуулчлалын 2 төвийг төслийн хүрээнд байгуулна. Үүнд, Ховд аймагт чулуун урлал, нүүдэлчдийн соёлын төв, Увс аймагт аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулах юм. Ховд аймаг дахь аялал жуулчлалын төвд чулуун урлалын соёлын өвд зориулсан Монголын анхны дижитал музей байгуулах бөгөөд үүнд дотоодын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих цахим платформ багтах юм.

Холбоотой мэдээ