Тайванийн асуудлаар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалав

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-10-27 13:34:12

БЭЭЖИН. /RIA Novosti/. “Нэг Хятад” зарчмыг хүндэтгэн, Тайванийн асуудлаар хүлээсэн үүргээ биелүүлж, тус аралтай албан ёсоор холбоо тогтоохоо нэн даруй зогсоохыг Хятад улс АНУ-д уриалж байна гэж Вашингтон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/ мэдэгджээ.


"Дэлхий дээр ганцхан Хятад улс байдаг бөгөөд БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадыг төлөөлж буй цорын ганц хууль ёсны Засгийн газар юм. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг. НҮБ бол зөвхөн тусгаар тогтносон улс орнууд нэгдэж болох Засгийн газар хоорондын олон улсын байгууллага гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тайваньтай холбоотой асуудал бол улс төрийн ноцтой асуудал болохоос "үнэт зүйл" гэгдэх асуудал биш юм” гэж мэдэгдэлд дурдсан байна.


50 жилийн өмнө АНУ НҮБ-д "нэг хятад, нэг Тайвань" эсвэл "хоёр Хятад"-ыг бий болгохыг оролдсон боловч амжилтгүй болсон бөгөөд харин өнөөдөр Вашингтон "Тайванийн тусгаар тогтнол"-ыг ил тодоор дэмжиж, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, түүний дотор "Нэг Хятад" зарчмыг алдагдуулж байна гэж БНХАУ-ын ЭСЯ онцлон тэмдэглэсэн байна. "Эдгээр нь хэзээ ч амжилтад хүрэхгүй дэмий хүчин чармайлт юм" гэж тус яам нэмж дурджээ. 


Хүлээсэн үүргээ биелүүлж, "нэг Хятад" зарчмыг баримталж, Америк-Хятадын хамтарсан гурван мэдэгдэл, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолын заалтуудыг дагаж мөрдөхийг Хятадын тал АНУ-д уриалж байна. "Тайваньтай албан ёсны бүх харилцаагаа нэн даруй тасалж, хариуцлагагүй, алдаатай мэдэгдэл хийхээ зогсоож, Хятад-Америкийн харилцааны ерөнхий байдал, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд тодорхой арга хэмжээ авахыг бид АНУ-д уриалж байна" гэж Хятадын ЭСЯ мэдэгдсэн байна.


Урьд нь АНУ-ын Төрийн Департаментын тэргүүн Энтони Блинкен мэдэгдэхдээ, тус улс Тайванийг НҮБ-ын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулахыг дэмжиж байна гэжээ. Түүний үзэж байгаагаар, Тайвань сүүлийн 50 жилийн хугацаанд НҮБ-ын ажилд идэвхтэй оролцож ирсэн нь олон улсын хамтын нийгэмлэг тус арлын хувь нэмрийг чухалчилж байгааг харуулж байгаа аж.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн өмнө нь Бээжингийн зүгээс Тайваньд цэргийн түрэмгийлэл үйлдэж болзошгүй тохиолдолд АНУ хамгаалахад бэлэн байна гэж мэдэгдсэн юм. Хятадын ГХЯ уламжлал ёсоор хариу мэдэгдэл хийж, Тайвань бол БНХАУ-ын нэг хэсэг, арлын асуудал бол зөвхөн Хятадын дотоод хэрэг бөгөөд гадны хөндлөнгийн оролцоог үл тэвчиж, Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцох аливаа оролдлогыг эсэргүүцэж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаална гэжээ.


Холбоотой мэдээ