Боомтуудад саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг нэн даруй татах төлөвлөгөө гаргажээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-27 14:34:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх, хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг шинэчлэн батлахыг Засгийн газраас УОК-т үүрэг болгожээ.


Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү Засгийн газрын хуралдааны өнөөдрийн шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Дээрх журмыг коронавирусний вакцинжуулалт эхлээгүй, халдварын тархалт дөнгөж эхэлж байсан үед баталсан бөгөөд одоо үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх шаардлагатай гэж үзжээ. 


УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, “Коронавирусний халдвар анх гарч байснаасаа хойш хэд хэдэн удаа мутацид орж өөрчлөгдсөн нь вакцины нөлөөг бууруулж байна. Монгол Улсад энэ оны 5, 6 дугаар сард “альфа” хувилбар тархаж байсан бол 8, 9 дүгээр сард “дельта” хувилбар тархсан. Тиймээс УОК болон эрүүл мэндийн байгууллагын судалгаанд үндэслэн сэдээх буюу гуравдугаар тунд иргэдээ хамруулж байна. Монгол Улсын иргэд вакцинд идэвхтэй хамрагдсаны үр дүнд тодорхой хэмжээгээр байгууллагуудын үйл ажиллагааг нээж байгааг онцлох нь зөв” гэлээ.


Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Хилийн боомтуудад эм, эмнэлгийн хэрэгсэл гацсан тухай мэдээлэл бий. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?


-ЗТХЯ, ЭМЯ, ГХЯ гэх мэт байгууллагын албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын баг боомтуудад гацсан эм, эмнэлгийн хэрэгслийг нэн даруй татан авах төлөвлөгөө гарган ажиллаж байна.


-Ирэх сард урлаг, спортын үйл ажиллагааг нээнэ. Хариуцлагын гэрээг хэрхэн байгуулах вэ?


-Засгийн газар, УОК-оос аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс энэ оны тавдугаар сараас үе шаттай нээсэн. Ингэхдээ хариуцлагын гэрээ байгуулж байгаа. Урлаг соёл, спортын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариуцлагын гэрээ байгуулах юм.


-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинг “шар” түвшин рүү буулгах асуудал хөндөгдөж байна. Монгол Улсад халдварын тархалт буурч байна гэж ойлгож болох уу?


-УОК, ХӨСҮТ, Эрдэмтдийн зөвлөлөөс Монгол Улсад коронавирусний “дельта” хувилбарын тархалтын оргил үе есдүгээр сарын дунд үеэс эхэлсэн бөгөөд одоо харьцангуй буурч байна. Гэхдээ хөдөлгөөний эрчим их байгаа тул тархалт хумигдах нь удаан байна. “Улбар шар” түвшинг буулгах асуудалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх, хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журамд тодорхой зохицуулалт орно. Ер нь зорилтот бүлгийн хүн амын 50 хувь гуравдугаар тундаа хамрагдвал зарим нэг хязгаарлалтыг цуцална.


-2, 3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэсэн үү?


-Өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг яриагүй. Ер нь цэцэрлэг, сургуулийг нээлттэй байлгах нь иргэд гуравдугаар тундаа хэрхэн хамрагдахаас шалтгаална. Улсын хэмжээнд гарч буй нийт халдварын тохиолдлын 18-19 хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүнээс гадна манайд улирлын томуугийн эрсдэлтэй цаг үе дөхөж байгаа тул нарийн үнэлгээ, дүгнэлт хийхгүй бол яаран шийдвэр гаргах нь халдвар тархах нөхцөлийг бүрдүүлнэ. Цэцэрлэг, сургуулийг нээнэ гэдэгт бид санал нэг байгаа. Гэхдээ хэзээ, ямар нөхцөлтэйгөөр нээх вэ гэдэг асуудал л байгаа юм.

Холбоотой мэдээ