Э.Блинкен Суданы Ерөнхий сайдтай утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-10-27 16:15:18

ВАШИНГТОН. /The Hill/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Суданы Ерөнхий сайд Абдулла Хамдукийг суллагдсаны дараахан нь утсаар ярилаа гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ.


Энэ долоо хоногийн эхээр Суданы цэргийнхэн засгийн эрхийг булаан авч, А.Хамдук тэргүүтэй Засгийн газрын хэд хэдэн сайдыг баривчилсан юм. Харин мягмар гарагт Ерөнхий сайдыг гэргийн хамтаар сулласан талаар “Associated Press” агентлаг мэдээлжээ.


Төрийн департаментын мэдээлснээр, Э.Блинкен Ерөнхий сайдтай утсаар ярих үеэрээ түүнийг суллагдсанд баяртай байгаагаа илэрхийлээд, баривчлагдсан хүмүүсийг суллаж, жагсагчдыг эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг цэргийнхэнд үргэлжлүүлэн уриална гэдгээ мэдэгджээ.


Генерал Абдель Фаттах Аль-Бурхан мягмар гарагт мэдэгдэхдээ, А.Хамдукийн аюулгүй байдлыг хангахын тулд баривчилсан бөгөөд ойрын өдрүүдэд суллана гэжээ. Түүний хэлснээр, баривчлагдаад буй бусад хүмүүсийн хувьд цэргийн эсрэг бослого өдөөсөн хэргээр ял сонсож магадгүй байна.


НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Суданд үүсээд буй нөхцөл байдлын талаар мягмар гарагт хаалттай хэлбэрээр хуралдсан бөгөөд “AP” агентлагт нэгэн дипломатчийн хэлснээр, хамтарсан мэдэгдлийг тун удахгүй гаргах төлөвтэй байна.  

Холбоотой мэдээ