Д.Мягмарсүрэн: Статистиктай бүх л салбар, шинжлэх ухаан холбогддог

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-28 09:53:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Нийгмийн аливаа юмс үзэгдлийг тоон талаас нь судалдаг гайхалтай шинжлэх ухаан бол Статистик хэмээн өгүүлэх энэ бүсгүйг Д.Мягмарсүрэн гэдэг. Тэрээр нэгэн цаг үед Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Статистикийн хэлтсийг удирдаж явсан юм. Ахмад статистикч түүнтэй хоромхон хугацаанд хөөрөлдлөө.


-Аймгийн статистикийн хэлтсийг удирдаж явсан хийгээд ажиллаж байсан үеэ эргэн дурсахгүй юу?

-Би анх 1979 онд статистикч, эдийн засагч мэргэжлээр сургууль төгсөж ирээд Сэлэнгэ аймгийн Статистикийн товчоонд /тэр үеийн нэрээр/ ажилд орж Статистик гэдэг өрх айлын нэг гишүүн болж байв. Ингээд мэргэжилтнээс ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргын албыг хашиж улсад тасралтгүй 35 жил ажиллажээ. Энэ хугацаанд 1979, 1990, 2000, 2010, 2020 оны Хүн ам, орон сууцны таван удаагийн тооллогод шифрлэгч, шалгагч, тооллогын түр товчооны дарга, нарийн бичгийн дарга хүртэлх ажлыг хийж байсандаа баярлаж, бахархаж явдаг. Ажиллаж байх хугацаандаа аймгийн хэмжээнд сумдын Засаг дарга, сумдын орлогч дарга, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга, төрийн сангийн мэргэжилтнүүд, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, бусад холбогдох мэргэжилтнүүд Хүн ам, орон сууцны болон бусад хуулийн дагуу болон цаг үеийн асуудлаар явагддаг бүх төрлийн тооллого судалгааны ажилтнуудад давхардсан тоогоор 8375 удаагийн сургалт, тооллого судалгааны тухай танилцуулга, мэдээлэл, хуулийн сурталчилгаа, зөвлөмж, зааврыг өгч ажилласан байдаг.

-Мэргэжил бүхэн өөр өөрийн бахархах онцлогтой. Таны мэргэжлийн тухайд?

-Статистиктай бүх л салбар, шинжлэх ухаан холбогддог. Жишээ нь хүн эхийн алтан урагт бойжихоос авахуулаад тэнгэрт мөнхрөх хүртлээ статистик тоо баримтад байнга мэдээлэгдэж байдаг. Төрөх үеийн жин, хүйс, уртын хэмжээ, эрүүл мэнд, цэцэрлэг, сургууль, боловсрол, гэр бүл болох, ажил, тэтгэвэрт гарах гэх мэт.

-Статистикч хүний ажлын хамгийн сонирхол татсан зүйл юу байдаг вэ?

-Статистикийн ажлын хамгийн сонирхолтой хэсэг нь мэдээ, тайлан, тооллого, судалгааны ажлын үр дүнгийн алдааны протоколтой ажиллах хэсэг юм. Хаана юун дээр ямар тоог алдсан, хоорондын уялдаа холбоо хамаарлыг олох, өсөлт, бууралтад нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан нөхцөлийг статистикийн томьёо, тооцооллыг ашиглан олох нь статистикч хүний зайлшгүй хийх ёстой ажлын нэг хэсэг юм.

-Удирдах албан тушаал хашиж явсан, мөн ахмад статистикч хүний хувьд залуу үедээ хандаж юу хэлэхсэн бол?

-Статистикийн салбарт ажиллаж буй залуу үедээ захиж хэлэхэд өөрийн хариуцан ажиллаж буй салбарын мэдээ тайлангаас гадна бусад салбарын мэдээллийг ч хийж сурах хэрэгтэй. Энэ нь цаашид сүүлийн үеийн статистик программуудыг эзэмшиж сурах, өөрийгөө дайчлан хөгжүүлэх чадвар мэдлэгт чинь маш их хэрэг болдог. Бүх салбарын мэдээллийг гаргаж, учир шалтгааныг олж судалснаар тухайн салбарын хувьд илүү их мэдлэгийг олж авна. Манай статистикийн салбарт ажиллаж байсан хүмүүс өөр газарт ажиллахдаа үргэлж дэвшиж ажилладаг ба хөрвөх чадвар сайтай байдаг нь тус байгууллагын нэг бахархал юм. Ингээд Монгол Улсад статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн баярын мэндийг ажиллаж байсан, ажиллаж байгаа бүх хүмүүстээ хүргэе.

-Танд баярлалаа.

Холбоотой мэдээ